Төрийн яам агентлагууд хэрхэх нь мэдэгдэхгүй ацан шалаанд орж, дунд бүү хэл доод тушаалынхан ч ажилтай үлдэх эсэхээ мэдэхгүй амаа ангайж сууна гэж шүүмжлүүлж байсан бол одоо тэд “эзэнтэй” болж, шинэ сайдаа хүлээж авах хадаг самбай бэлтгэхээс эхлүүлээд “танилцах” аяллынх нь маршрутыг гаргах гэж сэхээ самбаагүй гүйлдэж байгаа юм байх. Аль ч Засгийн газрын үед шинэ сайд томилогдонгуутаа салбарынхаа ажилтай танилцах аялалд морддогийг та бид эрх биш мэддэг болсон.Ядаж байхад энэ Засгийн газар өдөр шөнө, амралтын өдрийг тооцолгүйгээр ажиллах бүтээлч санаачлага дэвшүүлсэн болохоор түүнийг нь дагаад яам тамгын газрынхан амралтын өдрүүдийг умартан гүйлдэж байгаа. Танилцах аяллын зам маршрутыг бэлтгэх, шинэхэн сайддаа ажлыг нь танилцах мэргэжилтнүүд бултаараа бэлэн байх гээд наад зах нь жолооч, туслахаасаа эхлээд бямба, ням гаригт ажиллах болсон. Төрийн ажилд хоёргүй сэтгэл, цаг наргүй ажиллахаар нэгэнт шийдсэн болохоор одоо яая гэхэв. Засгийн газар Хөдөлмөрийн хууль зөрчиж байна гээд гомдол гаргачихвал улс эх орныхоо төлөө зүтгэх нөр их үйлсээс хойш суусан “хувьсгаал”-ын эсэргүү этгээд болох учраас яам, тамгын газрын ажилтнууд эртнээс хань ижил, үр хүүхэддээ хагас, бүтэн сайнгүй улсын ажилд зүтгэх боллоо шүү гэж хэлж сануулсан л байгаа даа. Эсэргүү муу Шархүү ч гэсэн энэ их үйлсийг эсэргүүцэн, гутаан доромжлох гээгүй юм шүү. Зүгээр л үнэхээр л зөв бодлого тактик бариад ажиллачихад ажлын цагийг ажлын цаг өдөрт нь амжуулчихаж болдоггүй юм болов уу гэсэн бодол жирс жирсхийн орж ирээд салахгүй байгаа юм. Нийслэлийн зам өлөн тоосонд дуниартаж, олон улс түмэн нь орондоо орох завгүй овсгоолон ажиллаж, сүлжилдэн давхих машин нь замдаа багтах аргагүй багтралдан тэмцэлдэж байгаа “дайн”-ы гэмээр энэ цаг үед сайд, дарга нар, яам, тамгынхан ч өдөр шөнийг үл ялган ажиллаж, нөхцөл байдал жаахан дээрдвэл Хөдөлмөрийн хуулиа эргэж харнам биз ээ гэж найдья. За энэ ч яахав.
Замын түгжрэл бямба, ням гаригт арай л гайгүй байдаг сан гэсэн бодол замын хажуугийн тоос шиг сарниж байх зуур “Сайд нар салбартайгаа танилцаад бас баахан ачаалал нэмж гэнэ шүү” гэж захын шувуу хов хүргээтхэв. Арай ч үгүй байлгүй дээ. Сургууль цэцэрлэгийн багачуудын хувцас, дэвтрээ базаах, оюутан хүүхдийнхээ орогнох байрыг зэхэх гэсэн эцэг эхчүүд л хэзээний тоос манан хадаадгаараа хадаагаад зам түгжрүүлж байгаа байлгүй. Найман сарын 20-доор ингэж хөдөлж зөхөж байгаа замын түгжрэл ирэх өдрүүдэд сайд нарын ч танилцах аялалд хор учруулж, замд нь саад болох вий л гэж Шархүү болгоомжлох нь зүйтэй байх, “зарчим”-ын хувьд.
Орой зурагтаа асаахад Зам тээврийн сайд Иргэний нисэхийн ерөнхий газартай танилцав, Уул уурхайн сайд компаниудын төлөөлөлтэй уулзав, Эрчим хүчний сайд Эрчим хүчний газарт ажиллав, Барилга хот байгуулалтын сайд барилгын шугам сүлжээний ажилтай танилцав гэсэн мэдээнүүд ар араасаа хөвөрнө. Аргагүй салбарын сайд нар нь анхаарах асуудал, ажлууд мөн. Ухаад байвал үүнээс ч илүү ажил, аяллууд гарч ирэх нь лавтай. Гэвч эрхэм сайд нартаа амин чухал энэхүү танилцах аяллаа багахан хугацаанд амжуулж эртхэн дуусгаад жинхэнэ ажилдаа хурдхан ороосой билээ.