Хуучирсан мэдээ: 2012.08.27-нд нийтлэгдсэн

Замын түгжрэлийг яая даа байз хэмээн өглөө ажилдаа гарахаасаа ч халгадаг болсон нийслэлчүүдийн хувьд өнөөдөр бас нэгэн гэхдээ туйлын онцгой, магадгүй айдас, эргэлзээ, болгоомжлол, эсвэл найдвар тавьсан шинэ өдөр эхэлж байна. Өнөөдөр ажилдаа гарахын өмнө та машиныхаа дугаарыг санах хэрэгтэй болно. Учир нь энэ өдрөөс эхлээд Улаанбаатарт анх удаагаа машины дугаарын дагуу төв замаар тодорхой өдрүүдэд л зорчих ёстой болж байгаа. Даваа гаригийн хувьд 1,6 гэсэн цифрээр төгссөн машинтай жолооч та баруун дөрвөн замаас, зүүн дөрвөн зам хүртэл буюу хотын гол төв замаар зорчих ёсгүй учраас машинаа гражид нь үлдээсэн нь дээр болно. Магадгүй зарим жолооч зөвхөн төв замаар зорчихгүй “зах”-аар сэлээд гарчихна гэж тооцоолж ч болох юм. Гэтэл нөгөө талаас төв замаар хязгаарлалт хийсэн болохоор бусад замууд ”шумуул” ч нэвтрэх зайгүй болно гэж төлөгдөж байгаа. Олон жилийн өмнөөс дэлхийн бусад орнууд ийнхүү дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнөө зохицуулах болсон гэж ярьж байсан ч Улаанбаатар хотын хувьд хэрэгжүүлж эхэлж байгаа нь зөвхөн өнөөдөр. /Энэхүү хязгаарлалтыг наймдугаар сарын 25-наас мөрдөж эхэлнэ гэсэн боловч энэ өдөр амралтын байж таарсан учир хичээл сургуулийн бэлтгэл, замын их засваруудтай зэрэгцсэн, хамгийн их ачаалалтай буюу даваа гаригт эхний өдөр ийнхүү таарч байгаа/ Аливаа шинэ бүхэнд тулгамдуу байдаг хойно, муу ёрлож ч байгаа юм биш мундахгүй олон жолооч бухимдаж, бас торгуулж шийтгүүлж, замын цагдаа нар автомашин нэг бүрийн дугаарыг нүд салгахгүй харах хэрэгтэй болно байх. Магадгүй замд тань ийм журмыг мэдээгүйдээ ч юм уу эсвэл бүдүүн зүрх гаргаж яваад замын цагдаад “баригдсан” олон машин “тааралдаж”, бас нэг садаа үүсгэж ч болох юм. Гэвч үүний цаана хамгийн гол нэг хүлээлт байгаа нь дугаараар хязгаарлах энэ арга үнэхээр үр дүнд хүрч, замын түгжрэлийг багасгаж чадах болов уу гэсэн эргэлзээтэй асуулт. Хэрвээ замын ачааллыг нүдэнд үзэгдэм багасгаж чадаж байвал браво. Харин түүнээсээ эс хэл ам, хэрүүл тэмцэл, үл ойлголцол төрүүлэх юм бол бас хэцүү л байна. Юутай ч эхний өдөр үр дүнгээс илүүтэй үл ойлголцол, бухимдал давамгайлах болов уу гэж бас л муу амлахаас. Гэхдээ үүний цаана “Нээрээ ч түгжрэлийг багасгах ч юм билүү” гэсэн битүүхэн найдвар сүүмэлзсээр. Мэдээж хэрэг хэн, хүнгүй хотын замын түгжрэлд уураа барж, цагаа алдаж байгаа болохоор эерэг үр дүн үзүүлээсэй гэж найдацгаая.

Зөвхөн машины дугаараар хөдөлгөөнд оролцуулахаас гадна дунд зарим зах, үйлчилгээний газар, их дээд, дунд сургуулийн хичээл үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг өөрчлөх, сургуулийн сурагчдыг автобустай болгох, төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчуулах гэх мэтчилэн хотын шинэ удирдлагуудын гаргасан олон санаачлагууд бий. Тэр бүхэн хэрхэн хэрэгжихийг харах өдөр өнөөдрөөс эхэлж байна.

Захыг 07.00 цагт онгойдог болгоод хэн тэнд хар үүрээр очиж үйлчлүүлэх вэ? бага ангийн балчир хүүхдүүдийг хар үүрээр хичээлд нь гүйлгэх болсон хэрнээ, их дээд сургуулиудын хичээлийн цагийг хойшлуулж эрхлүүлэв, төрийн албаныхныг автобусаар явж байгаа эсэхийг хэн хянах вэ гэхчилэн энэ бүхнийг дагалдсан олон эргэлзээ, шүүмжлэлийн оносон эсэхийг ч бас өнөөдрөөс харж эхэлнэ. Юм бүхэн тэр тусмаа хотын замын түгжрэл гэх энэ ужиг асуудал бол мэдээж нэг л өдөр өөрчлөгдөхгүй нь тодорхой. Магадгүй хотын шинэ удирдлагуудын хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажлууд алдаатай ч оноотой ч байж болох. Тийм бол алдаатай ахул тэр дор нь засч сайжруулан, оноотой ахул уламж сайжруулж эрчилж байгаасай гэж бас хүсье.

Хамгийн гол богино хугацааны өнгөц гэж ч хэлж болохоор эдгээрээс гадна там болж, түгжрэл үүсгэж байгаа замуудаа засах, тэртээ тэргүй хэрэглээ нь нэмэгдсээр байгаа автомашины зогсоол, замуудыг өргөжүүлэх, цаашилбал гүүрэн гарц, давхар зам, метрогоо тавих, бүр үндсэн утгаараа бол хотыг хот шиг төлөвлөн хөгжүүлэх их ажлаа хийж гүйцэтгэх хэрэгтэйг сануулах юун.    

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж