-Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдэд болон туслах, Тамгын газрын ажилтнуудад тодорхой хэмжээний төсөв гаргадаг. Гэтэл УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэд 220 сая төгрөгөөр байр авч өгч байгаа гэсэн яриа гарах боллоо?
-УИХ-ын нийт 2013 оны төсвийн төслийг хэлэлцэж, Засгийн газарт хүргүүлсэн. Энэ төслийг УИХ-ын Тамгын газраас боловсруулж, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцээд Төсвийн байнгын хороонд шилжүүлдэг. Төсвийн байнгын хороогоор энэ төслийг хэлэлцээд Засгийн газарт хүргүүлсэн. Энэ жил УИХ-ын төсвийг 18 тэрбум төгрөгт багтаа гэсэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Төсөлд УИХ-ын гишүүд, Тамгын газрын ажилтнуудад нийт 220 сая төгрөгийн байр, орон сууцны дэмжлэг үзүүлээч гэсэн саналыг гаргасан байгаа. З.Баянсэлэнгэ гишүүнд 220 сая төгрөг өгч байгаа гэж хүмүүс ташаа ойлгож байна. Энэ бол үндэслэлгүй.
-Өмнө нь парламентийн гишүүд болон УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад байр, орон сууцны дэмжлэг үзүүлэхдээ хэдэн төгрөгний төсөв батлагдаж байсан юм бэ?
-Өмнө нь орон нутгаас сонгогдож гишүүн болсон зарим гишүүнд орон сууцны туслалцаа үзүүлж байсан. Харин сүүлийн хэдэн жилүүдэд ийм төсөв батлаагүй учраас бид байр, орон сууцны дэмжлэг үзүүлж байгаагүй. Энэ жил харин 220 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Засгийн газарт хүргүүлсэн УИХ-ын төсвийн төсөлд тусгасан.
-Энэ 220 сая төгрөгийн дэмжлэгт ямар, ямар хүмүүс багтаж байгаа вэ?
-УИХ-ын гишүүн, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, намын бүлгийн гишүүд хамаардаг. Нэг хүнд байр авч өгөхөөс илүү олон хүнд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг л тавьсан байгаа. Үүнийг Засгийн газар авч хэлэлцээд, хэнд хэдэн төгрөгний дэмжлэг үзүүлэх нь тодорхой болно. Одоогоор тэдэн гишүүн, тэдэн Тамгын газрын ажилтан гэж хэлэх боломжгүй байна.