Төрийн ордонд иргэд тэр бүр нээлттэй үйлчлүүлж чаддаггүй байсан. Энэ удаагийн Засгийн газар хийж буй ажлаа иргэдэд нээлттэй байлгах ёстой. Иргэн төр хоёрын харилцаанд саад байх ёсгүй гэсэн зарчмаар ажиллаж буй. Иймд иргэд тэмдэглэлт ой, хурим, олон нийтийн бусад арга хэмжээ зохиох үедээ Төрийнхөө ордонд зочилж, Чингис хаан болон бусад хаан, баатрын дурсгалт хөшөө, галерей, Төрийн түүхийн музейг үзэж сонирхох боломжтой болж байна.
Өөрөөр хэлбэл долоо хоногийн ням гаригийн морин цаг буюу 11.40 цагаас хойш иргэд Төрийнхөө ордонд тодорхой цагийн хуваарийн дагуу Чингис хааны хөшөө талаас чөлөөтэй нэвтэрч, Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд саад учруулалгүй Монгол төрийн музейд зочилж төрийн түүх соёл, уламжлал, төр, иргэний харилцааны талаарх баримтыг сонирхон, их хааныхаа хөшөөнд мөргөж, 9 хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлэн зургаа татуулах боломжтой. Иргэдийг Төрийн ордонд нэвтрүүлэх үед ямар нэгэн бичиг баримт, төлбөр шаардахгүй юм байна. Ингэснээр шинэ Засгийн газар иргэдэд нээлттэйгээр ажлаа эхлүүлж, Төр, иргэн хоёрын хооронд ямар ч хаалтгүй болж байна гэж үзэж байна.
Засгийн газар анхны хуралдаанаараа ургац хураалтын явцтай танилцлаа. Ургацын урьдчилсан дүнгээс үзвэл энэ намар 481 мянган тонн үр тариа, үүнээс 468.8 мянган тонн буудай, 208.9 мянган тонн төмс, 99.4 мянган тонн хүнсний ногоо, 28.6 мянган тонн тосны ургамал, 30.8 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах төлөвтэй байна. Сүүлийн үед хур бороо элбэг байгаа хэдий ч цаашид цаг агаар тааламжтай болбол ирэх сарын 10 гэхэд тариа хураалт жигдрэнэ гэж салбарын сайд нь танилцууллаа. Ирэх өвөл хатуухан өвөл болно гэдгийг цаг уурчид хэлж буй. Тиймээс өвөлжилтийн бэлтгэлээ сайн базаах ёстойг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцолсон. Энэ сарын 20-ны байдлаар дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглолын их засвар 70, туслах тоноглолын засвар 80 хувь, төвийн бүсийн станцуудын нүүрс нөөцлөлт 69 хувьтай байгаа гэсэн тооцоо гарчээ. Харин дулааны шугам сүлжээний шинэчлэл 75 хувьтай, хэрэглэгч байгууллагын засвар 80 хувьд хүрээд байна. Удахгүй халаалтын улирал эхлэх учир Улаанбаатар болон бусад хотын дулааны шугам, сүлжээний засвар, барилга угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгах, Орон сууцны компани, Сууц өмчлөгчдийн холбоодын дулааны өр төлбөрийг барагдуулах, орон сууцны орц, хонгил, инженерийн шугам хоолойн дулаалга, үйлчилгээ зэргийг ойрын хугацаанд хийж дуусгахыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Өмнөговь аймгийн “Даланзадгад дулааны цахилгаан станц”-ын өргөтгөлийг дуусган Улсын комисст хүлээлгэн өгөх, Увс, Ховд, Дорноговь аймгийн төвийн дулааны станц, дулааны шугам сүлжээний газруудын засвар, шинэчлэл хөрөнгө муугаас удааширч байгаад дүгнэлт хийн, шаардлагатай арга хэмжээ авах боллоо.Түүнчлэн Увс, Хөвсгөл аймгийн төвд барьж байгаа дулааны станц, шугам сүлжээний барилга угсралтын ажлыг яаралтай дуусган, Увс аймгийн төвийн шинэ болон хуучин станцыг зэрэгцээ ажиллуулах холболтын цэг хийх зэргийг ч үүрэг болгосон байна.
Нийслэлийн төвлөрсөн дулаан хангамжийн системд хийж байгаа засвар, шинэчлэл 82.5 хувьтай, халаалтын зуухны их болон урсгал засвар, шинэчлэлийг аравдугаар сарын 1 буюу халаалт эхлэхэд бүрэн дуусгасан байхаар ажиллаж байгаа гэлээ. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн хөрөнгөөр хийх урсгал засвар үндсэндээ дууссан бол төсвийн найман тэрбум төгрөгийн өртөг бүхий 113 км кабель шугамын өргөтгөл, шинэчлэл 65 хувьтай байна. Гэр хорооллын хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах ажлын гүйцэтгэл 90 хувьтай байгаа бөгөөд ирэх сарын 10 гэхэд бүрэн дуусах нь. Тэгвэл ус хангамж, ариутгах татуургын засвар 85 хувьтай, Сууц өмчлөгчдийн холбоодын өвөлжилтийн бэлтгэл 78 хувьтай байна. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн их, урсгал засварт нийт 5,3 тэрбум төгрөгийн 105 ажил хийхээр төлөвлөсний 74 нь бүрэн дуусч, 31 нь ид үргэлжилж байна. Засварын ажил дунджаар 88 хувьтай байгаа бөгөөд энэ сарын 30 гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Энэ өвөл нийслэл хот цас, мөс хайлуулахад зориулж 345 тонн бодис, 500 м/куб элс, 600 тонн давс нөөцлөх ёстой. Нийт нөөцийн 35 хувийг татан авсан. Ирэх аравдугаар сарын 1 гэхэд дүүргүүд нөөцөө бүрэн бүрдүүлэх юм байна.
Нийслэл хот 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэлээ аравдугаар сарын 15 гэхэд бүрэн дуусна. Дулаан, цахилгааны эх үүсвэрээс шалтгаалсан ямар нэгэн осол, саатал гарахгүй бол нийслэлчүүд тавтай өвөлжих боломж бүрдээд байна гэж салбарын сайд нь онцоллоо. Цаашид хот төлөвлөлт, барилга, замын нэгдсэн бодлого явуулах үүднээс хотын инженерийн байгууламжийг Улаанбаатар хотын өмчлөлд шилжүүлэх саналтай байгаагаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл танилцуулсан байна.