Нөөцийн мах энэ сардаа дуусна

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Нөөцийн мах энэ сардаа дуусна

Энэ жил нийслэлийн хэмжээнд 2800 тонн мах нөөцөлсөн. Өнөөдрийн байдлаар 2107 тонн мах зарж борлуулаад байгаа ажээ. Үлдсэн махыг тавдугаар сарын 31-нийг хүртэл борлуулах юм. Харин ирэх сарын 1-ний өдрөөс нөөцийн мах дуусахаар махны үнэ ханш одоогийнхоос ч өсөх магадлалтай. Тиймээс бид Захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Батсүхтэй уулзаж нөөцийн махыг нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцлаа.

-Энэ жилийн хувьд нөөцийн махыг тун бага бэлтгэсэн. Ирэх сард нөөцийн мах дуусмагц махны үнэ өсөх магадлалтай. Үүнийг зохицуулах боломж байна уу?

-Нөөцийн мах хуваарийн дагуу зарагдаж байгаа. Нийслэлийн хэмжээнд нийт 167 цэгээр өдөрт 75 тонн мах зарж байна. Нийслэлчүүд нэг өдөрт 200 гаруй тонн мах хэрэглэдэг. Үүний 75 тонныг нөөцөөс гаргаж, 24-25 тонн мах хөдөө орон нутгаас ирж байгаа. Нийт хэрэглээний 49 хувийг л хангаж байна гэсэн үг. Ирэх сараас эхлэн нөөцийн мах дуусах тул үйлдвэрүүдийн нөөцөлсөн махнаас худалдан авч нөөцөнд нэмэгдүүлэх  санал тавиад байна. Хөрөнгө мөнгийг төсвийн тодотголоор шийдээд өгчихвөл нөөцийн махны худалдааг дахин нэг сараар сунгах боломжтой.

-Үйлдвэрүүдэд хэдий хэрийн мах хадгалаастай байгаа вэ. Үйлдвэрүүд нийлүүлсэн махныхаа урамшууллыг авч чадаж байгаа юу?

-Үйлдвэрүүдэд хадгалсан мах багагүй бий. Гэвч бүгдийг нөөцөд авах боломжгүй. Тиймээс эхний ээлжинд 2000 тонн мах авахаар санал оруулсан. Үүний урамшуулалд 1,5 тэрбум төгрөг шаардлагатай. Нөөцийн мах дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн зарагдсан. Дөрөвдүгээр сард нийлүүлсэн махны урамшууллыг үйлдвэрүүд аваад байгаа.

-Нөөцийн махны чанар тааруу, мах багатай хаа голдуу зарагдаад гуяны мах байхгүй байна гэсэн гомдол гардаг. Энэ тал дээр та бүхэн хяналт тавьдаг уу?

-Манайх болон махны холбоон дээр нөөцийн махтай холбоотой хэд хэдэн гомдол гарсан. Бид газар дээр нь очиж шалгаж байна. Махны холбооны ажилтнууд мах нийлүүлж буй үйлдвэрүүд дээр очиж махаа хэрхэн яаж хувааж байгаа, дэлгүүрүүдийн худалдааг хүртэл шалгасан. Гулуузыг  яс, махыг нь тэнцүү байхаар яаж хуваах, хэрхэн савлах  талаар сургалт ч явуулсан. Иргэдийн хувьд гуяыг бүхлээр нь авах сонирхол их байдаг. Ингэх боломжгүйгээс хүмүүс гомдоллох нь бий. Махны чанар харьцангуй сайн гэж хэлж болно.  

-Ямааны мах нөөцөлсөн үү?

-400 тонн ямааны мах нөцөлсөн байсан. Ямааны махаа 2100 төгрөгөөр, хонины махаа 2900 төгрөгөөр борлуулсан. Хямд болохоор ямааны мах нь зарагдаад дуусч байгаа.

-Хичнээн үйлдвэр нөөцийн мах бэлтгэсэн бэ?

-“Жаст агро”, “Мах импекс”, “Мах экспорт”, “Монгол мах экспо”, “Тэнгэр трейд”, “Давшил трейд”, “Баруун монгол интернэйшнл”, “Соотон” , “Тайж трейд” гэсэн есөн компани нөөцийн мах бэлтгэсэн.

-Махны үнийг барих үүднээс төр засгийн зүгээс ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Хавар, зуны цагт махны үнийг хөөрөгдөхөөс сэргийлэх үүднээс нөөцийн мах бэлтгэх болсон. Өнгөрсөн жилүүдэд 7000 орчим тонн мах бэлтгэж байсан бол эн жилийн хувьд 2800 болгон бууруулсан нь зөв шийдэл байгаагүй. Хотын зүгээс нөөцийн мах бэлтгэхээс өөрөөр махны үнийг барих аргагүй. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтээрээ үнэ ханш нь өгсөж, буурч байдаг. Ирэх жилээс эхлэн нөөцийн махыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг энэ жил харууллаа. Жил бүрийн хавар махны үнийг сааруулахын тулд нийслэлийн хэмжээнд 11-16 мянган тонн мах нөөцлөх шаардлагатай гэсэн тооцоо бий.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж