Ж.Дүгэрийн хүүхдүүдэд зардал хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2012.08.26-нд нийтлэгдсэн

Ж.Дүгэрийн хүүхдүүдэд зардал хэрэгтэй байна

Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн захирал, ардын багш Ж.Дүгэр санд мэнд яваа сурагтай. Асран хүмүүжүүлэх төвийн 14 хүүхдээ Хөх хот дахь Хянган замын дунд сургуульд суралцуулахаар болж, энэ сарын 30-нд урд хөршийг зорих байсан ч замын зардал нь олдохгүй, дээр нь тэдгээр хүүхдүүдийнхээ гадаад паспортыг гаргуулахаар нэлээд эрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан ч зарим нэгийнх нь гарахгүй хойшлогдсоор ийн хугацаа тулжээ. Уг нь тэдгээр 14 хүүхэд эхэлж дээрх нэр бүхий дунд сургуульд гурван жил сураад дараа нь үргэлжлүүлж их, дээд сургуульд элсэн суралцах боломжтой аж. Тодруулбал, одоогоос долоон жилийн өмнө буюу 2005 онд Хүүхэд асран хүмүүжүүлэх төв анхны 10 хүүхдээ Эрээний дунд сургуульд илгээж байжээ. Эдгээр 10 хүүхэд өнөөдөр Хөх хот болон Тунлянд тус бүр их сургуульд суралцдаг. Зургаа нь уламжлалт анагаах ухааны чиглэлээр, хоёр нь эдийн засагч, нэг нь барилгын инженер, нөгөө нь сэтгүүлч мэргэжлээр тус бүр суралцаж буй юм байна. Тэдний түрүүч нь ирэх жилийн хавар төгсөнө. Өөрөөр хэлбэл, 2005 оноос хойш өмнөд хөрш рүү илгээх гэж байгаа хоёр дахь багийнхан дээрх 14 хүүхэд болж буй юм.

Ардын багш Ж.Дүгэрийн хувьд “Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн хүүхдүүдээ анх урд хөршид сургахаар болохдоо “Хятад улс үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж тэдний хийсэн 00-ын цааснаас эхлээд бүхий л зүйлийг монголчууд хэрэглэж байгаа болохоор миний хүүхдүүдэд суралцах юм их. Гол нь тэдний хийж сурсан зүйлээс бид суралцаж, эх орондоо ирээд өөрсдөө хийдэг болох нь чухал учраас арга технологийг нь эзэмших нь чухал юм шүү. Хүүхдүүд минь сурсан шиг сурах ёстой шүү” хэмээн захиад анхны 10 хүүхдийг Эрээний дунд сургуульд оруулж, дунд сургуулийнх нь тогооч нарт “Хүүхдүүдэд маань өөрийн хүүхэд шиг хандаж байгаарай, өлсөж цангах вий” гэж хэлээд буцаж байсан гэдэг. Нэг сар орчмын дараа хонины мах, алимны хайрцаг дүүрэн боорцогтой ирчихсэн дунд сургуулийнх нь дотуур байрны үүдний танхимд хүүхдүүдээ дуудуулаад сууж байсан юм гэнэ лээ. Бас их наймааны ухаантай, 100 гаруй хүүхдийнхээ өвлийн хувцсыг базааж аваад, өнөөх суралцаж байгаа 10 хүүхдийнхээ мөн өвлийн бэлтгэлийг нь хангаж өгчихөөд “Аав нь амралтаар нь хүүхдүүдээ ирж авна аа” гээд буцаж байсан түүхтэй.

Ер нь Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн хүүхдүүдийн хувьд зөвхөн урд хөршид суралцаад зогсоогүй Энэтхэг, ОХУ-д тус бүр суралцсан түүх байдаг аж. Тухайлбал, ОХУ-ын Кемерово мужид 1990-ээд оны сүүл үед 35 хүүхдийг сургажээ.  Гол төлөв аврах тусгай ангийн чиглэлээр суралцан төгссөн юм байна, харин Энэтхэгт одоо 10 гаруй хүүхэд шашны чиглэлээр суралцан номын мөр хөөжээ.

Өнчин өрөөсөн 100 гаруй хүүхдийн аав нь болж, элгийг нь дэвтээж буй ардын багш Ж.Дүгэр, Хөх хот дахь Хянган замын дунд сургуульд суралцахаар сэтгэл догдлон хүлээж буй 14 хүүхдэд буяны гараа сунгах байгууллага, компани байвал тун чиг л хэрэгтэй байна даа.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж