-Та ажлаа өгч, Хууль зүйн дэд сайдаар томилогдох гэж байгаа юм уу?
-Юун Хууль зүйн дэд сайд вэ, ёстой сонсоогүй юм байна.
-Албан ёсоор санал тавибал та дэд сайдын алба хаших уу?
-Бодож үзээгүй юм байна. Ер нь бол би Авлигатай тэмцэх газарт тодорхой чиг үүргийн ажил хийж байна. Энэ ажлаа үргэжлүүлнэ, авлигатай тэмцэх чиглэлээр Монголд хийх ажил асар их бий. Ялангуяа авлигатай тэмцэж, хариуцлага, шударга ёс тогтоох бодлогын баримт бичгийг гаргах ёстой. Монголд өнөөдөр авлигын эсрэг хууль байдаг ч уураг тархи, луужин нь байхгүй байгаа. Түүнийг бий болгох ёстой, энэ утгаараа хийх ажил их байна. Тийм болохоор Хууль зүйн дэд сайд болохгүй гэж ойлгож болно.
-Авлигын хэрэгт холбогдогчдыг улстөрийн намаар нь хувилж гаргасан гэх мэдээлэл цацагдах боллоо. Танайхаас албан ёсоор тийм статистик мэдээ гаргаа юу?
-Авлигын хэргийг албан ёсоор намаар нь гаргаж үзээгүй юм байна. Авлигатай тэмцэх газар нам улстөрийн талд ажиллах хууль эрх зүйн үндэс байхгүй. Иргэдээс ирүүлсэн гомдол мэдээлэл, зарим нь гүйцэтгэх ажиллагааны явцад илэрсэн мэдээллийн дагуу шалгадаг. Шаардлагатайд нь Эрүүгийн хэрэг үүсгэдэг. Зарим талд нь тодорхой урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр авлигалын гэмт хэрэг болохоос өмнө таслан зогсоох чиглэлээр ажилладаг. Яг бид намаар нь ялгаж хийсэн статистик алга.
-Улстөрийн өндөр албан тушаал хашиж байгаад авлигын хэрэгт холбогдсон хэчнээн хүн танайд шалгагдаж байна вэ?
-Өмнө нь бид хэвлэлийнхэнд мэдээлэл хийж байсан. Он гарсаар хамгийн сүүлийн мэдээллээр 40 гаруй хэрэг бий. Түүн дотор улстөрийн өндөр албан тушаал хашиж байсан, УИХ-ын гишүүн байсан хүмүүс бий, мөн аймгийн Засаг дарга нарын хэргүүд ч багтана. Төрийн албаны жирийн албан тушаалтнууд бас бий. Дээр нь гомдол мэдээлэл их ирнэ шүү дээ.
-АТГ-т шалгуулж байгаад УИХ-ын гишүүн болсон хүмүүс бий гээд байгаа. Тэдний хэргийг шалгахад бэрхшээл бий юу?
-Хуулиараа УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэж бий. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байгаад хэргийн газар баригдах юм бол тухайн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай заачихсан. УИХ-ын гишүүнээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлчихсэн тохиолдолд жирийн иргэний хэрэг шиг шалгах боломжтой. Гэхдээ огт шалгаж болохгүй гэсэн үг биш л дээ, мэдээж хэрэг шалгах арга замууд нь хязгаарлагдсан учраас илүү хүндрэлтэй болдог. Халдашгүй байдал нь их нөлөөлдөг гэх үү дээ.
-Авлига авсан албан тушаалтнуудыг шууд нэрлээд хэргийг нь олон нийтэд мэдээлж болдоггүй юм уу. Нэг л их нууц байх юм?
-Гэмт хэргийн асуудал хуулиараа зарим нэг юм нь нууцлалтай зүйл байдаг. Хэт их яриад мэдээлээд байх юм бол хувь хүний эрхийн асуудал хөндөгдөнө, нөгөө талаасаа мөрдөн байцаалтын нууц задарч хэргийг илрүүлэхэд саад учирдаг сөрөг талтай л даа.
-Цаашид АТГ авлигыг бууруулахын тулд ямар арга замаар ажиллах вэ?
-Авлигын гэмт хэрэг үйлдэхээс нь өмнө авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, түүнд яаж олон нийтийн оролцоог, тэр дундаа залуучуудын оролцоог яаж чиглүүлэх вэ гэдэг чухал байна. Цаашдаа бид Монголын Залуучуудын холбоотой хамтраад “Авлига авахгүй, өгөхгүй” аянг өрнүүлэн ажиллах хүрээнд төрийн байгууллагууд руу тэр дундаа гааль, татвар, боловсрол, эрүүл мэнд, замын цагдаа гээд авлигал хамгийн их байна гэж үзэж байгаа салбар луу орж ажиллах нь чухал байгаа. Эдгээр салбарт маш олон залуучууд ажилладаг, тэд авлигатай тэмцэх ажилд идэвхитэй оролцоод явбал үр дүнд хүрнэ гэж бодож байна.