Монакогийн талбарт Алонсо хамгийн хурдан нь байв

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Монакогийн талбарт Алонсо хамгийн хурдан нь байв

Ирэх амралтын өдрүүдэд Монакогийн нийслэл Монте Карло хотод болох “Формула нэг”-ийн энэ улирлын зургаа дахь гараа болох Монакогийн гран-при уралдаанд Фернандо Алонсо нэгийг дуулгах бололтой. Тэрбээр уралдааны өмнөх бэлтгэлийн хоёр гараанд хоёуланд нь түрүүлсэн байна. Пүрэв гаригийн өглөө болсон эхний бэлтгэл гараанд дэлхийн хошой аварга Алонсо нэг тойрог замыг нэг минут, 15,927 секундэд туулж, тэргүүлсэн бөгөөд түүний араас “Red Bull”-ын Себастьян Веттель, “Renault”-гийн Роберт Кубика нар хурдалжээ. Харин үдээс хойш болсон хоёр дахь гараанд испани эр нэг минут, 14,904 секундын амжилтаар тэргүүлж, энэ улирлын уралдаан, тэмцээн эхэлснээс хойш бэлтгэл хоёр гараанд хоёуланд нь түрүүлсэн анхны нисгэгч боллоо.
Хоёр гарааны дүнгээр хоёрдугаарт Нико Росберг, гуравдугаарт Веттель орсон бол Алонсогийн багийн анд Фелипе Масса дөрөвт, Монакогийн гран-прид таван удаа түрүүлж байсан Михаэль Шумахер тавдугаарт бичигджээ. Харин өнгөрсөн хоёр жил дараалан Монакогийн гараанд түрүү авсан “McLaren” багийн хослол болох Льюис Хэмильтон, Женсон Баттон нар долоо болон есдүгээр байрыг, харин Марк Уэббер аравдугаар байрыг эзэлсэн байна.
Монакогийн гран-при уралдаан ирэх ням гаригт болох бөгөөд тамирчид 260,52 км замд уралдана.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж