Венесуэлд газрын тосны үйлдвэр дэлбэрчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.26-нд нийтлэгдсэн

Венесуэлд газрын тосны үйлдвэр дэлбэрчээ

Венесуэлийн газрын тос боловсруулах “Amuay” үйлдвэрт өчигдөр асар том дэлбэрэлт болж, их хэмжээний гал гарсан байна. Үүний улмаас 39 хүн нас барж, 80 гаруй хүн гэмтэж, бэртжээ. Хохирогчдыг аврах албаныхан даруй эмнэлэгт хүргэсэн байна. Уг үйлдвэр нь дэлхийд хоёрт ордог Венесуэлийн “Paraguana” газрын тос боловсруулах үйлдвэрийн цогцолборын нэг хэсэг аж. Үйлдвэрт гарсан дэлбэрэлтийн улмаас ойр орчимд нь байсан дэлгүүрүүдийн хана нурж, айлуудын цонх хагаран, байшингууд шатаж, гудамж талбай том чулуу тоосго, төмрөөр дүүрсэн байна. Мөн уг дэлбэрэлтэд үйлдвэрийн ойролцоо газарт хадгалж байсан найман танк өртжээ. Үйлдвэрийн ойролцоох дэлгүүрийн эзний ярьснаар дэлбэрэлтийн хүчтэй долгион ойролцоогоор үдшийн 01.00 цагийн үед мэдрэгдсэн бөгөөд түүний дэлгүүрийн цонх хагарч, эд зүйлс нь нурсан байна. Тэгээд удалгүй гэрэл тасрахаар нь гадаа гарч хартал байшин нь шатаж байжээ.

Венесуэлийн гал сөнөөгчид үйлдвэрийн  дэлбэрэлтээс үүссэн галыг унтраахаар шөнөжин ажилласан ч одоо болтол хар утаа суунагласаар байгаа аж. Дэлбэрэлт болсон үйлдвэрийн гадаа олон тооны цэргийг хамгаалалтад гаргаад байгаа бөгөөд шинжээчид ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар уг дэлбэрэлтийг хий алдагдсанаас болсон гэж таамаглаж байгаа аж. Уг хэргийн улмаас Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес гурван өдрийн гашуудал зарлаж, холбогдох хүмүүст дэлбэрэлтийн шалтгааныг тодруулахыг үүрэг болгожээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж