Цахилгаан станцуудын засвар 80 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2012.08.26-нд нийтлэгдсэн

Цахилгаан станцуудын засвар 80 хувьтай байна

Наймдугаар сарын 20-ны байдлаар дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглолын их засвар 70, туслах тоноглолынх 80 хувьтай байна. Төвийн бүсийн станцуудын нүүрс нөөцлөлт 69 хувьтай байгаа гэсэн тооцоо гарчээ. Харин дулааны шугам сүлжээний шинэчлэл 75 хувьтай, хэрэглэгч байгууллагын засвар 80 хувьд хүрээд байна. Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэлэлцээд холбогдох сайд нарт үүрэг, даалгавар өглөө.

Тухайлбал, дулааны цахилгаан станцуудын нүүрсний аюулгүй 20 хоногийн нөөц бүрдүүлэхэд онцгой анхаарч холбогдох арга хэмжээ авах боллоо. Энэ дагуу нүүрс гаргах, вагоноор тасралтгүй хангах, нүүрс хүлээн авах, буулгах ажлыг сайтар зохион байгуулах зэргийг Эрчим хүчний болон Зам, тээврийн сайд нарт даалгав. Удахгүй халаалтын улирал эхлэх учир Улаанбаатар болон бусад хотын дулааны шугам, сүлжээний засвар, барилга угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгах, Орон сууцны компани, Сууц өмчлөгчдийн холбоодын дулааны өр төлбөрийг барагдуулах, орон сууцны орц, хонгил, инженерийн шугам хоолойн дулаалга, үйлчилгээ зэргийг ойрын хугацаанд хийж дуусгахыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Өмнөговь аймгийн “Даланзадгад дулааны цахилгаан станц”-ын өргөтгөлийг дуусган Улсын комисст хүлээлгэн өгөх, Увс, Ховд, Дорноговь аймгийн төвийн дулааны станц, дулааны шугам сүлжээний газруудын засвар, шинэчлэл хөрөнгө муугаас удааширч байгаад дүгнэлт хийн, шаардлагатай арга хэмжээ авах боллоо. Түүнчлэн Увс, Хөвсгөл аймгийн төвд барьж байгаа дулааны станц, шугам сүлжээний барилга угсралтын ажлыг яаралтай дуусган, Увс аймгийн төвийн шинэ болон хуучин станцыг зэрэгцээ ажиллуулах холболтын цэг хийх зэргийг ч үүрэг болгосон байна. Хөвсгөл, Увс, Сүхбаатар аймгийн төвд шинээр баригдаж байгаа дулааны станц, шугам сүлжээний ашиглалтыг зүгшрүүлэх, жигдрүүлэх талаар ч хэлэлцэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж