Ургац тээвэрлэх зам, гүүрийн засварыг шуурхайлж, эрчим хүч, шатах, тослох материалаар тасралтгүй хангаж байхыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эрчим хүчний сайд М.Сономпил нарт үүрэг болгов. Манай улс энэ онд 306 мянган га-д үр тариа, 16 мянган га-д төмс, 7 мянган га-д хүнсний ногоо, 32 мянган га-д тосны ургамал, 11 мянган га-д тэжээлийн ургамал, 712 га-д жимс, жимсгэнэ тариалсан.
Ургацын урьдчилсан дүнгээс үзвэл энэ намар 481 мянган тонн үр тариа, үүнээс 468.8 мянган тонн буудай, 208.9 мянган тонн төмс, 99.4 мянган тонн хүнсний ногоо, 28.6 мянган тонн тосны ургамал, 30.8 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах төлөвтэй байна. Сүүлийн үед хур бороо элбэг байгаа хэдий ч цаашид цаг агаар тааламжтай болбол ирэх сарын 10 гэхэд тариа хураалт жигдэрнэ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өчигдөр, өнөөдөр хоёр өдөр газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймагт ажиллаж байна.