Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү Дархан-Уул, Хөвсгөл, Улаанбаатар хотын БЗД-ийн цэцэрлэг, дунд сургуулиудын засварт санхүүгийн тусламж үзүүлэхээр өчигдөр гарын үсэг зурлаа. Тухайлбал, “Дархан-Уул аймгийн Дархан сумын “Жигүүр” цогцолбор сургуулийн засварын төсөл”, “Дархан-Уул аймгийн Дархан сумын “Дархан-Өргөө” сургуулийн хичээлийн Б байр болон дотуур байрны засварын төсөл”, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын цэцэрлэгийн их засварын төсөл”, Улаанбаатар хотын БЗД-ийн 97 дугаар сургуулийн нэгдүгээр байрны их засварын төсөл” –ийн гэрээнд тус тус гарын үсэг зурсан байна.
Энэхүү цэцэрлэг, сургуулиудын засварыг Япон улсын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж буй “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлэх бөгөөд дээрхи дөрвөн төсөлд нийт 465.339 ам.доллар буюу ойролцоогоор 628 сая, 200 мянган төгрөгийн хөрөнгө оруулах ажээ. Ингэснээр бороо, цасны дусаал гоожих, халаалтын систем нь эвдэрч гэмтэх зэргээр хуучирч муудсан сургууль, дотуур байр болон цэцэрлэгийн сургалтын орчныг сайжруулах гэнэ.
У.БОЛОР