Гэтэл БНСУ-ын шүүхэд мөн дээрх маргаанаар талууд хандсан байсан бөгөөд тус улсын шүүхээс дээрх маргааныг шийдвэрлэжээ. Өмнөд Солонгосын шүүхийн дүгнэлтээр Apple компани Samsung-ийн хоёр зохиогчийн эрхийг, БНСУ-ын компани Apple-ийн нэг зохиогчийн эрхийг зөрчсөн гэж үзжээ. Түүнчлэн Өмнөд Солонгосын шүүхийн дээрх дүгнэлтээр Apple 40 сая вон, Samsung 25 сая воныг тус тус харилцан төлөхөөр болсон байна. Ийнхүү дэлхийн ухаалаг гар утас, таблетийн зах зээлд тэргүүлэгч хоёр компанийн маргаан өөрсдийн харьяа улсын шүүхээр мөн л харилцан нэгнийгээ буруутгасаар байна. Харин олон улсын ажиглагчдын үзэж байгаагаар тус хоёр компанийн энэхүү маргаан цаашид ч үргэлжлэх төлөвтэй аж.
АНУ-ын шүүх Apple-д ялалтыг өгөв
Гар утас үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүн эгнээнд тооцогдох Америкийн Apple болоод Өмнөд Солонгосын Samsung компаниуд зохиогчийн эрх зөрчсөн гомдлоор харилцан бие биенийгээ шүүхэд өгөх болсон билээ. Уг хоёр компанийн асуудлаар энэ сарын 22-нд Калифорнид эцсийн шатны шүүх хурал болсон юм. Ийнхүү АНУ-ын Шүүхийн шийдвэрээр Apple компани ялалт байгуулжээ. Учир нь Samsung-ийг Apple компанийн iPhone-ий зохиогчийн эрхийг зөрчсөн хэмээн үзсэн байна. Иймд дээрх шүүхийн шийдвэрээр Samsung 665 сая евро буюу 1.05 тэрбум ам долларыг Apple компанид төлөх гэнэ. Калифорнийн Сан-Хосе хотод болсон есөн хүний бүрэлдэхүүнтэй дээрх шүүх ажиллагаанд хоёр талууд харилцан бие биедээ нийт 700 асуулт тавьжээ.
Э.АНХТУЯА