Орос, Америкийн гэрээг Сенатад өргөн барьжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Орос, Америкийн гэрээг Сенатад өргөн барьжээ

Дмитрий Медведев ба Барак Обама. Гэрэл зургийг ©AFP

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ сарын 13-нд Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевтай утсаар ярихдаа Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хорогдуулах шинэ гэрээг Сенатад батлуулахаар өргөн барьснаа хэлсэн юм. Мөн энэ тухай ч Цагаан ордоны сайтад тавигджээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч 13-ны өдөр уг гэрээг Сенатад өргөн барьсан гэж мэдэгджээ. Сенат шинэ гэрээг хэлэлцэх хуваариа гаргасан ба эхнийх нь тавдугаар сарын 18-нд явагдана.
Оросын тал гэрээгээ ойрын үед Төрийн Думаар хэлэлцүүлнэ гэж Холбооны зөвлөлийн хуралдаан дээр Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн ажээ.
Хоёр орны ерөнхийлөгч нар өнгөрсөн сарын 8-нд Прага хотноо СДЗХ-3 гэрээнд гарын үсэг зурсан билээ. Өмнөх гэрээний хугацаа нь өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараар дуусан байлаа. Талууд тэр үе хүртэл шинэ гэрээнийхээ тохиролцоог хийж амжаагүй юм.
Тохиролцооны явцад шуурхай жижүүрийн стратегийн баллистик пуужинд тавих хяналт ба шинэ гэрээг Европт АНУ-ын байгуулж буй Пуужин довтолгооноос хамгаалах гэрээтэй уялдуулан авч үзэх зэрэг асуудлаар зөрөлдөөн гарч байсан гэнэ. Шинэ гэрээгээр талууд стратегийн цөмийн зөөгчийн тоог 700, цөмийн цэнэгийн тоог 1550 болгохоор тохиролцжээ. Гэрээ хоёр орны парламентаар батлагдвал түүний хүчин төгөлдөр байх хугацаа нь 10 жил байх гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж