
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн хорооноос өчигдөр буюу баасан гаригт мэдээлснээр Өмнөд Судан дахь дүрвэгсдийн тоо сүүлийн үед улам нэмэгдэж байгаа гэнэ. Дүрвэгсэд олон километр замыг туулан явах замдаа цаг агаарын таагүй үзэгдэл болоод урт замд эцэж ядарсны улмаас эрүүл мэндийн асуудал нь хөсөр хаягдаж байна хэмээн албаны хүмүүс онцолжээ. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн хорооны нэгэн төлөөлөгчийн мэдээлснээр хоёр Суданы зэвсэгт мөргөлдөөнөөс болж одоогийн байдлаар Суданы 170 мянган ард иргэд Өмнөд Суданд дүрвэн ирээд байгаа юм байна. Тэрбээр цааш мэдээлэхдээ эдгээр дүрвэгсдийн дунд суулгалт, хумхаа өвчин хамгийн элбэг байна гэжээ. Түүнчлэн дүрвэгсдийн нэлээдгүй хувийг 0-11 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа нь хамгийн их сэтгэл эмзэглүүлсэн асуудал болж буй гэнэ. Судан болон Өмнөд Суданы хил дээр байдаг Хеглиг хот болон бусад тосгоны оршин сууугчид одоо болтол орон гэрээ орхин дүрвэсээр байгаа бөгөөд тэдний ихэнхи нь ил задгай газар амьдарч байгаа аж. Хүмүүнлэгийн байгууллагууд дүрвэгсдийг ус, хоолоор хангаж буй ч цаашдаа тэдний дунд өвчлөл улам бүр нэмэгдэж байгаа гэв.
Э.АНХТУЯА