Увсад тогтоосон хөл хориог цуцалсан гэв

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

Увсад тогтоосон хөл хориог цуцалсан гэв

Увс аймгийн Тэс сумын нутаг Орлогын хөдөө гэдэг газарт малын гоц халдварт боом өвчин гарч, тус хотонд хөл хорио цээрийн дэлэм тогтоогоод байсан.  Мөн тус айлын хоёр хүн боомын халдвар авч, эмчлүүлж байгаа юм.  Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшигтай тэмцэх газрын мэргэжилтэн, дэд хурандаа Д.Төрбаттай ярилцлаа.

-Увсад боомын халдвар илэрсэнийг хэрхэн мэдсэн бэ?

-Увс аймгийн Тэс сумын тавдугаар багт зусаж байгаа малчин Н нь  наймдугаар сарын 09-нд тодорхой бус шалтгаанаар өвдөж, дуудлага дуудсан байгаа юм. Түүнд эмчийн үзлэг хийж, шинжилгээ авахад хүн, малын боом өвчний халдвар авсан нь тогтоогдсон тул сумын эмнэлэгт хүргэж хэвтүүлсэн. Тиймээс сумын засаг даргын захирамжаар энэ сарын 10-нд хөл хорио тогтоосон.

-Тэдний хотонд боомын халдвар авсан мал байсан уу?

-Уг өвчний эх үүсвэрийг тодорхойлоход тэдний хотонд хоёр мал тодорхой бус шалтгаанаар үхсэн байсан. Ингээд үхсэн малын сэг зэмд шинжилгээ хийхэд боом өвчний улмаас эрсэдсэн нь тогтоогдсон.

-Нэмж мал амьтан өвчилсөн үү?

-Нэмж хүн мал өвчлөөгүй байгаа. Тиймээс хөл хориог энэ сарын 21-нд цуцалсан.

-Халдвар авсан хоёр хүний биеийн байдал ямар байгаа вэ?

-Халдвар авсан  28 настай эрэгтэй, дөрвөн настай охин хоёрыг сумын эмнэлэгт эмчилж байгаа. Тэдний биеийн байдал сайн байгаа гэсэн.

-Голомтот газарт байгаа малд боом өвчнөөс сэргийлэх вакцин хийсэн байсан уу?

-Боом өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийх арга хэмжээ төлөвлөгөөний дагуу хийгддэг ажил юм. Түүнээс биш улсын хэмжээнд бүх малд энэ вакциныг тарьдаггүй. Боом өвчин гарсан болон шаардлагатай гэж үзсэн тохиолдолд л энэ вакциныг хийдэг. Энэ ХХАХҮЯ-ны харъяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агенлаг Мал, эмнэлэг үржлийн газраас боомын вакциныг тарих ажлыг зохион байгуулдаг.

-Боом өвчний халдвар хэрхэн халдварладаг вэ?

-Боом өвчний нян газрын хөрсөнд тусгай хуяг байдлаар хадгалагдаж байгаад  энэ өвчнөөр үхсэн малын сэг зэмийг дур мэдэн хөндсөнөөс нян үрждэг. Ингээд нян үржсэн газраас хоол, тэжээлээр дамжин мал, амьтан энэ өвчнийг тусдаг.

-Өвчилсөн малд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Богино хугацаанд өндөр халуурах, хоол тэжээлдээ дургүй болох, цочролын сэрлийн байдалд ордог. Мөн энэ өвчнөөр үхсэн малын сэг зэм нь хөшилтгүй болох мөн ам, анус зэргээс бүлэгнэлтгүй шингэн гардаг. Гэхдээ энэ өвчнөөр үхсэн эсэхийг мэргэжлийн хүн л ялгаж, оношилно.

-Ямар замаар хүнд халдварладаг вэ?

 -Энэ өвчин нь байгалын голомтот халдварт өвчинд тооцогддог. Өөрөөр хэлбэл өвчилсөн мал амьтныг нядлах үед биедээ шарх авбал эсвэл энэ өвчний халдвартай газар нутагт газар шорооны ажил хийх үед ил шарх авсан тохиолдолд энэ өвчний халдварыг авна. Ер нь хүн ил шархтай байх юм бол энэ өвчнийг тусах хамгийн том шалтгаан болно. Мөн цөөхөн тохиолдолд амьсгалын замаар хүнд халдварлах тохиолдол ч байдаг.

-Хүн боом өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийлгэж болдог уу?

-Болохгүй. Тухайн хүн боом өвчин туссан тохиодолд л энэ вакциныг хийлгэнэ.

 Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж