Монгол Улсад ардчилалын суурь тавигдсанаас хойш дипломат түвшинд гадаад улс орнуудаас БНСУ хамгийн сайн харилцаатай байдаг хэмээн УИХ-ын дарга З.Энхболд БНСУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ли Тэ Ро-г өнөөдөр хүлээн авч уулзахдаа онцоллоо.
Элчин сайд Ли Тэ Ро Монголын шинэ бүрэлдэхүүнтэй парламент, Засгийн газарт амжилт хүсч байггаагаа илэрхийлээд хоёр улсын парламентын харилцааг улам өргөжүүлэх бодолтой байгаагаа хэлсэн. Тэрбээр “Би Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байх энэ хугацаанд хоёр улсын парламент хоорондын харилцан айлчлалыг дэмжиж, виз олголтыг хөнгөвчлөх дотоод журамдаа өөрчлөлт оруулах болно” гэв. Түүнчлэн Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яам өөрийн байртай болохоор зураг төслийн ажилдаа орсон гэдгээ уламжилж байр барих газрын асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүссэн. БНСУ-ын томоохон аж ахуйн нэгжүүд манай улсын худалдаа, эдийн засагт хамтарч ажиллах, хөрөнгө оруулах хүсэлтэй байдаг гэдгийг ч УИХ-ын дарга З.Энхболдод дуулгав.
Талууд хоёр улсын худалдаа эдийн засагт харилцан ашигтайгаар хамтарч ажиллах, парламент хоорондын харилцааг өргөжүүлэх, айлчлал зохион байгуулах, виз олголтыг хөнгөвчилье гэдэгт санал нэг байлаа.