-Д.Дагвадоржийг эрэн сурвалжилж байгаа гэж үнэн үү?
-Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт Д.Дагвадоржийн үйлдсэн гэх танхайн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг алга болсон, эрэн сурвалжилж байна гэж мэдээлж буй. Энэ бол ташаа юм. Хэн нэгэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэвэл хэд хэдэн удаа энэ тухайг мэдэгдсэн мэдэгдэл хүргүүлдэг. Хэрэв удаа дараа ирж байцаалт өгөхөөс татгалзвал эрэн сурвалжилдаг.
-Ямар зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэсэн бэ?
-Эрүүгийн хуулийн 181 дүгээр хэсэгт зааснаар танхайн хэрэгт буруутган эрүү үүсгэсэн гэсэн.
-Д.Дагвадоржид ямар шийтгэл оногдуулах вэ?
-Хэргийн нөхцлөөс шалтгаалан янз бүр байдаг юм. Энэ заалтыг зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
-МҮОНТ-ийн захирал Д.Дагвадоржийн эсрэг гомдол мэдүүлээгүй гэсэн. Тэгсэн ч эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн үг үү?
-Гэмт хэргийн шинж чанартай танхайн хэрэгт хохирогч тал гомдол гаргасан гаргаагүй эрүүгийн хэрэг үүсгэдэг. Танхайн хэрэгт хоёр тал хоорондоо зөвшилцвөл хэргийг хэрэгсэхгүй болгох тал бас бий. Хохирогч тал гомдолгүй гэж албан бичиг хийж өгвөл Д.Дагвадоржийн хэрэг хэрэгсэхгүй болох байх.