Монгол туургатны орчин үеийн хөгжмийн "Пентатоника-2012" олон улсын фестиваль өчигдөр Халимаг улсын нийслэл Элстад эхэллээ. Тус фестивалийг ОХУ-ын Буриадын “Байгаль” театрын үндэсний хөгжмийн чуулгын ерөнхий удирдаач Жаргал Тогтонов удирдан толилуулах юм байна. Дөрөв дэхь жилдээ болж буй тус фестиваль энэ сарын 23-28-нд Халимаг улсын нийслэл Элстад болох ба наадмын хөтөлбөрт Монгол, Буриад, Халимагын хөгжмийн зохиолчидын бүтээлүүд эгшиглэх юм. Уг наадам нь Монгол туургатны хөгжмийн өв соёлыг түгээн сурталчилан дэлгэрүүлэх зорилготой юм. Тэгвэл энэ наадамд эх орноо төлөөлөн Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, хөгжмийн зохиолч Г.Төвшинтөр, Цэн.Эрдэнэбат, Ш.Өлзийбаяр нар оролцож байна. Энэ удаагийн наадамд Г.Төвшинтөр “Баруун Монгол” симфони сюит, Цэн.Эрдэнэбат “Rock painting” симфони уран сэтгэмж, Ш.Өлзийбаяр “Чавхдаст хөгжимд зориулсан дөрвөл” бүтээлүүдээрээ тус тус толилуулна.
А.ЗУЛ