Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

Олимп-Спорт-Ото

ОТО ах маань өнөөдөр төрийн өндөр хэргэм хүртлээ. ОУОХ-ны “Спорт ба хүрээлэн байгаа орчин” комиссын гишүүн, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч, “Таван цагариг” сониныг үүсгэн байгуулагч, спортын сэтгүүлч Жүгдэрийн Отгонцагаан өнөөдөр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо.

Олимпизмыг дэлгэрүүлэхэд, Монголын хөрсөнд спортын гадаад харилцааг буулгахад, Монголд спортын сэтгүүлзүйн хөрсийг суулгахад Ото ахын оруулсан гавьяа их ээ. “Спортын сэтгүүлчид бол спортын дууч юм. Тэр утгаараа спортыг хөгжүүлэхэд тэр дуучдын үг хэл, мэдлэг боловсрол, мэдрэмж чухал” гэдгийг Ото ах өөрийн хувь нэмрээ оруулж, өндийлгөсөн спортын сэтгүүлзүйнхэнд заавал захидаг. Монголын мянга мянган уншигч хэдэн жилийн өмнө бол зөвхөн “Таван цагариг”-аас л спортын мэдээлэл авдаг байлаа. Монголын зуу зуун тамирчны түүхийг түүний санаачлан бий болгосон “Таван цагариг” сонин өнөөдрийг хүртэл бичилцэж яваа.

Зөвхөн спорт бичдэг “Цагариг”-ийнхандаа, спортын нийт хамт олондоо ОТО ахтайгаа хамт гавьяагаа үнэлүүлсэнд баяр хүргэе.

Олимп-Спорт-Ото. Энэ гурван үг салахын аргагүй санагддаг. Спорт, олимпизмын хөгжилд, спортын сэтгүүлзүйн алхаанд хамгийн их хүч нэмж яваа ОТО ахдаа дахин дахин баяр хүргэмээр байна.

Б.БАЯСАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж