Шатахууны хангамжийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

Шатахууны хангамжийг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 10.00 цагаас эхэлж, хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсний дотор авто бензин болоод шатахууны хангамж ямар байгаа талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулга хийх аж. Намрын ургац хураалтын их ажлын үетэй зэрэгцээд жил бүрийн намар шатахууны үнэ өсч монголчуудыг тэвдүүлдэг талтай ч энэ жилийн хувьд хойд хөрш энэ төрлийн бүтээгдэхүүний татвараа хөнгөлөх зэргээр уян хатан хандаж буй. Гэсэн ч хойд хөршөөс авто бензин, шатахууныхаа бараг 90 орчим хувийг татаж, хэрэгцээгээ хангаж байгаа монголчуудын хувьд дээрх төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байхын зэрэгцээ нөөц боломжийн хэмжээнд байх нь чухал тул Засгийн газрын анхаарлын төвд байх асуудлын нэг болж буй юм.

Хоёрт нь махны үнэ, хангамж багтаж байна. Эл асуудлыг Үйлдэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга танилцуулах аж. Махны үнэ жил ирэх тусам өссөөр өнгөрсөн хавар нэг кг үхэр, хонины мах 8000 төгрөгийг давсан нь нийлүүлэлт муу байсантай холбон тайлбарладаг. Тиймээс Засгийн газрын хувьд жил бүрийн намарт мах бэлтгэл хийгээд үнийг хэрхэн тогтвортой барих асуудалд тодорхой шийдвэр гаргах шаардлагатай болдог. Энэ дагуу дээрх асуудал орж ирж буй аж.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг жагсаавал, ”Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор”-ыг нээлттэй болгох тухай, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Батзандан нарын санаачлан боловсруулсан Нийгмийн даатгалын тухай болон Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, УИХ-ын гишүүн А.Бакей, Р.Бурмаа нарын санаачлан боловсруулсан Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Төрийн ёслолын журамд нэмэлт оруулах тухай асуудал багтаж байна. Танилцуулгад ургац хураалтын бэлтгэл ажил,  2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын явцын талаар салбар хариуцсан сайд нар тус бүртээ мэдээлэл хийнэ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж