Долоо дахь жилдээ зохион байгуулаж буй шинэ ногооны үзэсгэлэнгээ Сэлэнгэ аймгийн тариаланчид өчигдөр Улаанбаатар хотын “Скай” худалдааны төв болон Хан-Уул дүүргийн “Скай Хайпермаркет”-ийн гаднах талбайд нээжээ. Тэнд 130 орчим тариаланчид хүнсний ногооноос гадна төрөл бүрийн амтат жимс, жимсгэнэ, үрийн ногоо, самар худалдаалж буй аж. "Энэ жилийн хувьд хур бороо ихтэй сайхан зун байлаа. Манайхан жил бүр нийслэлчүүдэд хөдөлмөрийнхөө үр шимийг амсуулж дүгнүүлэхээр ирдэг. Энэ үйл явдал тариаланч бидний хувьд хамгийн сэтгэл догдлуулсан мөч байдаг юм. Уг арга хэмжээнд бэлдэхийн тулд бид олон сарын турш хүч хөдөлмөрөө зарцуулж, арчилж, тордож, усалж хамгаалж, хураасаар Сэлэнгэ аймгаас хот руу ирдэг. Өмнөх жилүүдээ бодвол хүнсний ногоо үнэ ханшийн хувьд ч хямд байгаа" хэмээн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын тариаланч Д.Оюунсүрэн ярьж байна. Үзэсгэлэн худалдаа бүтэн сарын турш үргэлжлэх аж.
Уншигчиддаа сонирхуулж киллограмм бүрийн үнийг танилцуулбал:
- Төмс- 800төгрөг
- Лууван -1200-1500 төгрөг
- Сонгино-1500-2000 төгрөг
- Байцаа-800 төгрөг
- Чинжүү-2500 төгрөг
- Помидор-5000 төгрөг
- Даршилдаг өргөст хэмх-2000 төгрөг
- Тарвас-1500 төгрөг
- Хаш ногоо-1500 төгрөг
- Манжин-1000 төгрөг
- Сармис-10000 дээш үнэтэйгээр худалдаалагдаж байлаа.
ЭХ СУРВАЛЖ: "НИЙГМИЙН ТОЛЬ"