
Шалгалтын дүнд олон зөрчил дутагдал илэрч, ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд нэмэлт тодотгол хийлгээгүй, тухайн жилийн уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг зохих байгууллагуудаар батлуулж үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллаагүй. Тэрчлэн нөхөн сэргээлтийг стандарт шаардлагын хэмжээнд хийгээгүй, ордыг ашиглаж эхэлснээс хойшхи хугацаанд огт нөхөн сэргээлт хийгээгүй байгууллагууд байсан байна. Ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүй, шинээр ажилтан авахдаа болон нийт ажилчдаа байнгын эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй, эрүүл мэндийн боловсрол олгох ямар нэгэн сургалт зохион байгуулаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлага хангаж ажиллагаагүй зэрэг нийтлэг зөрчил дутагдлууд илэрч, зөрчлийн улмаас 6 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зөрчлийг арилгах хүртэл нь түр хугацаагаар зогсоож, 15 аж ахуйн нэгжид хугацаатай албан шаардлага өгч нийт 4.7 сая төгрөгийн шийтгэвэр ноогдуулсан байна. Цаашид ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ашигт малтмалын болон хөдөлмөрийн эрүүл ахуйн, байгаль орчныг хамгаалах багц хуулиудаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлдэггүй, тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойш огт үйл ажиллагаа явуулаагүй, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлыг огт хийгээгүй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг холбогдох байгууллагуудад уламжилж ажиллахаар төлөвлөж байна.

