Анхны атарчид дуртгалаа хийж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

Анхны атарчид дуртгалаа хийж байна

Монголын орчин цагийн түүхэнд онцлохуйц, өнөөгийн сэтгэл тэнэгэр амьдралыг бүтээхэд гар бие оролцож явсан ахмадууд өнөөдөр Сүхбаатарын талбайд цуглан, тэртээ 1960-аад оны түүхэн үйл явдлыг хүүрнэн байна. Энэ бол цаасан дээр яригддаг тайлант ажил бус, нүд төөрөм тэнэгэр талд сэтгэл зүрх шулуудан гарсан тэр үеийн шижигнэсэн залуусын хүсэл мөрөөдлийг шингээсэн дурдатгал.

Ахмад атарчид, тэр дундаа хамгийн анхны атарчдын төлөөлөл болсон 60 гаруй ахмадууд өнөөдрийн туршид ийнхүү уулзалтаа үргэлжлүүлж Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордон, Монголын залуучуудын холбоогоор зочилж, залуустай уулзан, халуун дотно яриа өрнүүлэх гэнэ.

Анхны атрын аяны тухай Монгол Улсын гавъяат агнономич, анхны атарчин А.Бадарчин гуайгаас сонирхлоо.

-Анх атрын аяныг зохион байгуулж байсан түүхээс хуваалцаач?

– Үүнийг ярихын тулд атрын анхны аян эхлэхээс өмнө буюу 50 гаруйн жилийн өмнө Монголчууд ямар хоол идэж байв? гэж асуумаар байна. Хивэг идэж байлаа шүү дээ. Анх 210 гаруй га атар газрыг эзэмшсэнээр тариан талбай нэмэгдэж, одоо идэж байгаа цагаан гурилтай золгож байсан. Ингэхдээ гурилын үр тариаг сангийн аж ахуйнууд тарьж, есөн гурилын үйлдвэрийг байгуулж гурил хийдэг боллоо. Түүнээс хойш Монголчууд цагаан гурил, хүнсний ногоо, жимстэй болсон. Тэр үеийн зоригтой залуус одоо ахмадууд болж дээ.

-Хэдэн хүн атрын аянд гарч байсан юм бэ?

-Анх Угтаал, Баянцогт, Дархан, Хэрлэн зэрэг атрын зургаан сангийн аж ахуйд 2000-3000 орчим залуус ажиллаж байлаа. Ингээд 50 гаруй жилийн дараа эргэн уулзаж, дурсамжаа хүүрнэж байна. Энэ бол төрийн зохион байгуулалттай цугларалт биш, ахмад хадланчид өнөөдөр дурдатгалаа хийж байна. Өөрөөр хэлбэл, 50 гаруй жилийн дараа эргэн уулзах нь сайхан тохиолдол юм шүү. Атар, хадлангийн түүчээ цагт эд гялалзаж явсан ч одоо ахмадууд болж. Гэхдээ тэр үед бол зоригтой залуус байсан юм.

-Бүх зүйлийн эхлэл амттай байдаг шүү дээ. Анхны жилйин ажил хөдөлмөрийн үр шим ямар байсан бэ?

-Анхны атраар Дарханы сангийн аж ахуй гэхэд, 15 мянган га газар хагалах даалгавартай гарч байсан. Тэр үед бүх л юм анхных байсан болохоор трактор, техник ч мэдэхгүй залуус атарт гарч байлаа. Анхны жилдээ биелүүлэх байсан 15 мянган га газрынхаа нормоос давуулан 19 га газар хагалаад дараа жил нь 26 мянган тонн ургац авч байсан. Одоо Монголчууд хүний гар харахгүй амьдарч байгаа нь энэ ажил хөдөлмөрөөс угшилтай шүү дээ.

-Монголчууд аж үйлдвэрийн салбарыг энэ чиглэлдээ хамгийн их хийж, бүтээсэн ахмад атарчин хүний нүдээр харахад?

-Одоо Монголчууд энэ төмс, хүнсний ногоо, аж ахуйгаа улам дэмжээд хөгжүүлээд явбал ургамал, амьтны гаралтай иж бүрэн хоол хүснтэй болох юм. Урьд өмнө нь зөвхөн мал аж ахуйн гаралтай мах, сүүний төрлийн бүтээгдэхүүнээр үндэснийхээ хоол хүнсийг шийддэг байсан бол шинэ цагийн эхлэлийн салхи сэвэлзэж байна. Одоо бол ахмадууд ахиж ингэж цуглах нь хэцүү. Өнөөдөр хэрэг болгон ийнхүү цуглаж байгаадаа баяртай байна.

Анхны атарчин Ж.Валя:

-Миний бие анх 1958 онд Барилгын дөчин мянгатад ажиллаж байгаад, атар байгуулах залуусын хөдөлгөөнд орж байлаа. 1959 онд Хонгорын сангийн аж ахуйд очиж байсан. Тухайн үед цэлийсэн тал, дээр үед зэрэглээ нь жирэлзэж, зээр нь хуйларсан газар байж. Хамгийн анх 60-аад залуус тийш очиж байсан санагдана. Түүнээс хойш 50 гаруй жил трактороос салаагүй явна.

 -Таны бодлоор анхны үеийнхийг бодвол одоогийн атрын аян хэр өрнөж байна вэ?

 
-Одоо дээр үеийн оросын техник халаагаа өгсөн байна. Орчин үеийн шинэчилсэн техникээр маш сайн ажиллаж байна. Дээр үед бид бригадаараа гардаг байхад  эксковатор, комбайн, трактортой эхэлж байсан. Сайн тоног төхөөрөмжөөр дайчлаад хийж бүтээх боломж нь хангалттай байна шүү дээ. Харин хийж бүтээх их үйлсийн  эзэн болсон залуус маань сэтгэлээрээ тэнхээтэй байж, биеэ зөв авч явах хэрэгтэй гэж боддог доо.

-Анхны атарчны хувьд төр засагтаа хандаад юу гэж хэлэх вэ. Цаашдаа хөдөө аж ахуйн салбарт юу хийвэл дээр вэ?

-Атрын аянд хүч, хөдөлмөрөө зориулж буй ахмадууд болон залуусаа дэмжих хэрэгтэй. Төр засгаас хөдөө аж ахуйн салбартаа багагүй анхаарал хандуулж байгаа. Гэхдээ цаашдаа хөдөө орон нутагт ажиллаж байгаа, ялангуяа суурин атарчдаа тухайн орон нутагт  гэр бүлийнхэнтэй нь  байршуулж, байр, орон сууцыг нь харж үзэх хэрэгтэй. Атарчид үргэлж гэр, майхантай ажиллаж, амьдраад баймааргүй байна. Ингээд талх, тарианы ажилд шамддаг бүх хүмүүстээ амжилт хүсье.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж