“Богд хээр”-ийн мялаалга наадам маргааш болно

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

“Богд хээр”-ийн мялаалга наадам маргааш болно

Их монгол улс байгуулагдсаны 806-н жилийн ой, Ардын хувьсгалын 91-н жилийн ой, улсын их баяр наадмын нар хур тэгширсэн өдрүүдэд наадамчин олноо цэнгүүлсэн хурдан морины уралдаан “Хүй долоон худаг”-ийн торгон  ногоон хөндийд болж өнгөрсөн билээ. Жил бүрийн уралдааны хамгийн их сэтгэл догдлуулж, дэнслүүлдэг уралдаан бол соёолон нас байдаг. Эрийн хийморь, эрмэг хурдан хүлгэдийн хийморь лундаа энд л байдаг гэдэг. Тиймдээ ч түрүү соёолонгийн хөлсөнд хүрэх гэсэн наадамчин олны хүсэл тэмүүлэл тодхон харагддаг билээ. Энэ жилийн соёолонгийн түрүү магнайд Өмнөговь аймгийн Цогт цэций сумын харъяат, аймгийн Алдарт уяач Хүүгийн Түмэнбаярын “Богд хээр” хэмээх хурдан ажнай алтан жолоогоо өргүүлсэн. Богд хээр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Рагчаасүрэнгийн унаган адуу бөгөөд зүүн бүсийн наадмын түрүү, Дорноговь аймгийн наадмын түрүү, Өмнөговь аймгийн бүсийн наадамд айрагдаж байсан аргагүй л хурдан ажнай юм. Эрийн хийморь сэргээж, нутгийн нэр дуурсгасан хурдан хүлгийнхээ мялаалгат зориулж Х.Түмэнбаяр даага, соёолонгийн уралдааныг маргааш зохион байгуулахаар зэхэж байгаа аж. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Хонгор овоо” хэмээх газар болох уг уралдааны эхний 13-н морийг барих бөгөөд 25-ны өглөө 10 цагт соёолон насаар уралдааныг эхлүүлнэ гэнэ. Мөн уг наадамд ирсэн бүх хүмүүст дурсгалын зүйл гардуулах бөгөөд бай шагналыг шагнал гардуулах тэр мөчид задлах юм байна.

Ш.БАДМАА

Эх сурвалж: www.todmagnai.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж