-Орон нутгийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна гэлээ, үүнийг тодруулахгүй юу?
Р.Бурмаа:-Орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх нь нам эвслийн нэрийн жагсаалтаар, гуравны хоёр нь засаг захиргааны нэгжийн төлөөлөл байх болно. Өмнө нь тусгайлан тойрог байгуулдаг байсныг больж, өөрөөр хэлбэл, тойрог биш орон нутгийн төлөөлөл их, бага гэдгээс үл хамааран иргэдийн хуралтай төлөөлөлтэй байя гэж шийдлээ. Жишээ нь аймагт, суманд, баг болгоноос төлөөлөл байна гэсэн үг л дээ. Үүн дээр нэмж 30 хүртэл хувь нь намын эвслийн нэрийн жагсаалтаар сонгогдоно. Хэрвээ энэ тоонд аймаг 41-ээс илүү, суманд 31-ээс илүү байвал нам эвслээс сонгогдох нэрсийн жагсаалтаас хасагдана гэсэн үг. Зарим газар 30 хувь нь нам эвслээс сонгогдож байвал зарим газар нь 20 хувь, 15 хувь байх жишээтэй. Ийм маягаар зохицуулалт хийж байна. Энэ үед том суурин газар ч юм уу, олон хүнтэй сонгочийн тоо бол нам эвслийн нэрийн жагсаалт дээр өгч байгаа санал дээрээ нэмж орж зохицуулагдана. Ингэснээр сонгогч аймагт амьдарч байгаа бол сумын төлөөлөгчөө аймгийн төлөөлөгчөө давхар сонгоно гэсэн үг. Хоёрдугаарт, сонгуулийн хороодыг нам эвслийн төлөөллөөс буюу дотооддоо хяналттай байна. Аль нэг нам эвслийн төлөөлөл олонхи байж болохгүй. Бие даагчийн төлөөлөл сонгуулийн хороо, хэсэгт орж болно. Сонгуульд оролцохүйй хэрнээ аль нэг намыг төлөөлж байна гээд суугаад байдгийг энэ төслийн хүрээнд болиулсан.
-Сонгууль өгөөгүй бол төрийн албанд томилохгүй гэх заалтыг төсөлд тусгасан юм дуулдлаа, үнэн үү. Гадаад руу ажил төрлөөр яваад ирэх ч юм уу, зайлшгүй нэг гачигдал гараад сонгууль өгөхтэй манатай явсан хүн энэ заалтаас болж ажилд орох боломжоо алдвал яах вэ?
-Сонгуульд оролцохгүй хэрнээ дүн нь таалагдахгүй байна гээд жагсаад цуглаад байдаг, манай сонгогчид. Тиймээс эрх, үүрэг хоёр нь уялдаатай байх ёстой гэдэг агуулгаар сонгуульд саналаа өгчихөөд үр дүнгийн талаар шалгуулж хянуулмаар байна, шүүхэд хандмаар байна, сонгуулийн хороодод хандан гомдлоо барагдуулъя гэдэг учраас сонгууль өгч байж, энэ бүх эрх нээгдэх ёстой гэж үзсэн. Бас сонгуульд оролцоогүй бол төрийн албанд томилогдох эрхийг ч түдгэлзүүлнэ гэж оруулсан. Дараагийн ээлжит сонгууль хүртэл, Ерөнхийлөгчийн сонгуулиар алдаагаа засвал төрийн албанд томилогдох эрх нь нээгдэнэ. Үүргээ биелүүлж сонгуульдаа оролцоогүй байж, төрийн албанд ажиллана гэж байхгүй. Бусад улс оронд торгууль байдаг, бид эдийн засгийн хөшүүрэг оруулаагүй, эрх үүргийг зохицуулсан зохицуулалтыг шинээр тусгасан юм.
-Засаг даргыг сонгох тогтолцоог өөрчлөх ёстой гэж яриад байгаа. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
А.Бакей:-Засаг даргыг иргэдээс шууд сонгох асуудал Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой учраас энэ хуульд тусгагдаагүй. Энэ талаар бусад гишүүд хуулийн төсөл санаачилж ойрын хугацаанд өргөн мэдүүлнэ. Яагаад гэвэл Засаг дарга гэдэг бүх шатанд нэг талаар тухайн орон нутагтаа намын дарга байгаа. Өөрөөр хэлбэл, улстөрийн албан тушаалтан байна. Тийм учраас төрийн үйлчилгээ, захиргааны ажлыг хийж гүйцэтгэхээс илүү намын даргын ажлыг илүү хийж байгаа байхгүй юу. Аль ч шатанд. Нөгөө талаараа Засаг дарга гэдэг бол бүх шатандаа тухайн аймгийн ч юм уу сумын ИТХ-ын барьцаанд байдаг. ИТХ-ын төлөөлөгчид хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд Засаг даргад дарамт үзүүлдэг. Нэг ёсны Засаг дарга тэдний хүссэн шаардлагыг биелүүлж байж өөрөө оршин тогтнох хууль үйлчилж байна одоо. Ингэснээр Засаг дарга нийтийн эрх ашгийн төлөө үйлчилж чаддаггүй. Тийм учраас энэ асуудлыг зайлшгүй засах шаардлагатай. Хамгийн чухал нь улстөрийн намууд, намын бүлгүүд, улстөрчид нэн даруй зөвшилцөлд хүрч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар Засаг даргыг сонгох асуудлыг ойрын үед шийдэх нь чухал байгаа.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д мэдүүлээд, улмаар батлах бололцоотой юу цаг хугацааны хувьд?
-Улстөрийн хүчнүүд Засаг даргыг ИТХ—аас сонгох нь болохгүй байна, амьдралд нийцэхгүй юм байна гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Зөвшилцөлд хүрчих юм бол цаг хугацааны хувьд амжих бололцоо бий. Уг нь иж бүрэн хандах ёстой, гэвч тийм боломж хомс байна л даа.
-Орон нутгийн сонгуулийн хэдэн сард зохион байгуулахаар цаг хугацааг заасан вэ?
-Цаг хугацааны хувьд арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт зохион байгуулахаар төлөвлөж байна. Цахим машинаар саналыг тоолох учраас иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэж тарааж дуусах хүртэл арван сарын сүүлч болох юм. Орон нутагт цахим үнэмлэх тараагдаж дуусангуут буюу арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт багтааж сонгууль явуулъя гэж төлөвлөсөн.
-Санал хураах цагт өөрчлөлт оруулсан уу?
-УИХ-ын сонгуулиар 20.00 цагт санал хураалтыг зогсоож хаалга барьж байсан, харин энэ удаад санал хураалт 22.00 цагт дуусахаар заагаад байгаа.