-Богдхан ууланд хэдэн аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Дархан цаазат Богдхан уулын хязгаарлалтын бүсэд 392 аж ахуйн нэгжид газар олгосон. МХЕГ-ийн 2009 оны шалгалтаар 119 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох акт хүргүүлсэн боловч ердөө 22 нь л цуцлагдсан. 2008 онд УИХ-ын гишүүн Д.Загджав Зайсангийн аманд оршин суух 240 айлд газрын зөвшөөрөл олгосон. Гэсэн ч тэдгээр зөвшөөрөл нь хуурамч байсан юм байна лээ. Тиймээс БОАЖЯ тухайн газар дахин аж ахуй нэгжүүдэд газар олголт хийсэн. Ингэснээр иргэд амьдрах газаргүй болоод байна. Зарим компаниуд нь газраа чөлөөлүүлж авахын тулд иргэдийг шүүхэд дуудсан тохиолдол олон гарсан. Мөн эрүүл мэндээрээ хохирсон иргэд ч бий.
-Хууль, хяналтын байгууллагад хандаж байсан уу?
-БОАЖЯ-наас олгосон зөвшөөрөл нь хууль ёсны учир иргэд шүүхэдлээ ч ялагдал хүлээж байна. Бид энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд МХЕГ, БОАЖЯ зэрэг олон байгууллагад хандсан. Гэвч эдгээр байгууллага бие биерүүгээ чихдэг. МХЕГ-т энэ маргааныг шийдвэрлэж өгөх хүсэлт тавихад “Газар олголт хийсэн БОАЖЯ энэ асуудлыг шийдвэрлэнэ” гэдэг. БОАЖЯ болохоор “Барилга барих, ямар нэгэн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон МХЕГ энэ асуудлыг шийдвэрлэнэ. Бид газар ашиглах зөвшөөрөл олгосон болохоос барилга барих зөвшөөрөл олгоогүй” гэдэг. Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо огт алга. Ер нь бол зөвхөн Богд хан уул биш бусад тусгай хамгаалалттай газар нутгийн 20 хувьд нь л газар ашиглах зөвшөөрөл өгөх ёстой. Гэтэл Богдхан уулыг бараг 100 хувь эзэгнэчихээд байна.
-Эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол гарсан гэсэн?
-Халдвартын клиникийн эмнэлэг, Сүрьеэгийн эмнэлэг, Хорих ангиудын эмнэлэг байсан хэсэг газрыг Энхтайван гэдэг хүн худалдаж авсан. Тэр газрыг нь “Жигүүр гранд” групп худалдаж аваад “Zaisan Village” гээд орон сууц барьсан. Одоо байр захиалсан иргэдээ оруулсан байгаа. Өмнө нь тухайн газарт байсан эмнэлгүүдийн бохир нь хальж хөрс ихээр бохирдсон байсан. Тэнд орон сууц барихаар ухсан бохирдолтой шороогоо иргэдийн амьдардаг газар асгасан юм. Үүнээс нь болж 15 хүүхэд халдварт шар өвчин туссан. Цаашлаад тэнд амьдарч байгаа иргэд ч өвчлөх магадлалтай. Бид 2009 онд НМХГ-т “Жигүүр гранд группын асгасан шороог цэвэрлүүлж өгөөч” гэсэн хүсэлт тавьсаны дагуу НМХГ-аас “Жигүүр гранд” группд үүрэг өгсөн ч өдийг хүртэл цэвэрлээгүй байна. Тухайн шороонд шинжилгээ хийлгэж үзэхэд нянгийн агууламж өндөр, хар тугалга байх ёстой хэмжээнээсээ хэд дахин хэтэрсэн, хүний эрүүл мэндэд ихээхэн хортой гэсэн дүгнэлт гарсан.
-Та бүхэн Засгийн газарт хандаж үзсэн үү?
-БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар бидний хүсэлтийг хүлээн авч газар дээр нь очиж танилцсан. Иргэд ямар хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгааг нүдээр үзсэн. Тиймээс ажлын хэсэг байгуулах тушаал гаргасан юм. Энэ ажлын хэсэг Зайсанд амьдарч байгаа уугуул иргэдийн эрх ашгийг хамгаалах, өөр компани, иргэдийг газар авахад давхцуулахгүй байх үүрэгтэй. Ажлыг хэсэг ч энэ тал дээр сайн ажилласан. Өмнөх дарга нар ямар ч төлөвлөгөөгүй, эмх замбараагүй газар олголт хийснээс иргэд болон байгаль экологт их хохирол учруулсан. Тиймээс “Хан Зайсан холбоо” ТББ байгуулагдаж байгаль экологи болон иргэдийнхээ төлөө, ирээдүй хойч үедээ цэвэр тунгалаг Хатан Туул, Ханхар сайхан Богдхан уулаа өвлүүлэн үлдээхийн төлөө ажиллаж байна.
-Энэ талаар Богд уулын хамгаалалтын газар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Төрийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг хамгаалалтын байгууллага атлаа дархан цаазат газрыг хамгаалах биш сүйтгэхэд туслаж байна гэвэл хэтрүүлэг болохгүй. Бид бүхэн “Барилга байшин барихыг зогссох хэрэгтэй байна. Ажлаа хийгээч” гэхээр “Наад байгууллага чинь зөвшөөрлөө авчихсан. Бид оролцох ёсгүй. Төлөвлөчихсөн газар” гэсэн хариу өгдөг. Нэгэнт баригдсан барилгыг бид нурааж чадахгүй тул ашиглаж эхлээгүй байгаа газруудын зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй байна. Уулынхаа гүн руу ойн сан бүхий газар хашаа хатгаад барилга барих гэж буй байгууллага зөндөө байна. Тиймээс энэ бүхнийг зогсоож дэлхийд данстай уулаа хамгаалж үлдэх ёстой.
-Зайсанд ямар хүмүүс хууль бусаар барилга барьж байгаа вэ?
-Урьд нь хүмүүс аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авдаг байсан юм. Харин 2003 оноос орон сууц барьж эхэлсэн. Ер нь эдгээр хууль бус үйл ажиллагааг жирийн иргэд хийж чадахгүй нь ойлгомжтой. Зөвхөн эрх мэдэл бүхий, мөнгөтэй хүмүүс л тусгай эрхийг нь ямар нэг аргаар авч байна. Барилга барьж буй хүмүүс Зайсангийн уулын бэл рүү орж модыг нь огтолдог. Зайсанд хамгийн их газар авсан компани нь “Жигүүр гранд”, “Мантууш”, ”Уушги цохио”, ”Бөх бат”, “Софт трейд” гэх мэт. Бүгдийг нь тоочвол гарын арван хуруунд багтахгүй.
-Туул гол ширгэж ч мэднэ гэсэн. Энэ талаараа тодруулаач.
-Туул голын түвшин багасч байна. Энэ нь Зайсанд олон тооны гүний худаг ухсантай холбоотой. Мөн уулын уруу ус урсдаг жалганууд Туул голыг сэлбэж байдаг. Гэтэл бүх жалгыг үйл ажиллагаагаа явуулахын тулд хаасан. Түүнчлэн Ар Зайсан голыг УИХ-ийн байнгын хорооны 2010 оны тогтоолоор үерийн далан босгоод хаасан. Үүнээс болоод Туул гол жилдээ нэг удаа татрахад хүрээд байна.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин