жирэмслэлт. Манайхан үүнийг савны гадуурх жирэмслэлт ч гэж ярьдаг. Үр
тогтсон өндгөн эс умайн хөндийд орж аль нэгэн хананд нь бэхлэгдэж үр
хөврөл болон бүрэлдэж өсөх ёстой байдаг. Гэтэл үр хөврөл үр дамжуулах
хоолойгоор умайн хөндийд орохгүйгээр үрийн хоолойд юм уу эсвэл эхийн
хэвлийн хөндийн эрхтнүүд дээр бэхлэгдэж байрладаг гэнэ.
Энэ эмгэг сүүлийн жилүүдэд өсч, жирэмсний хяналтад орсон эмэгтэйчүүдийн
1-2 хувьд тохиолдох боллоо. Энэ талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн
үндэсний төвийн Эмэгтэйчүүдийн их эмч М.Эрдэнэтуяагаас зарим зүйлийг
тодрууллаа.
-Умайн гаднах жирэмслэлт гэж юу вэ. Юунаас болж үүсдэг юм бэ?
-Үр хөврөлийн өндөг умайн хөндийд биш харин түүний гадна хэсэгт байрлан
ихэсжиж, хөгжихийг умайн гаднах жирэмсэн гэдэг. Өндгөн эс ихэвчлэн үр
дамжуулах хоолойд байрласан байдаг ч үүнээс өөр умайн гаднах ямар ч
хэсэгт томорсон байж болдог. Энэ нь эх эндэх гол шалтгаан болдог учир
бүсгүйчүүд бие давхар болсноо мэдмэгц ЭХО-д харуулах хэрэгтэй. Жирэмсэн
эмэгтэйн нэг хувьд нь умайн гаднах жирэмслэлт тохиолддог ч сүүлийн үед
маш их тохиолдож байгаа. Ялангуяа 25-30 насны эмэгтэйчүүдэд их
тохиолддог. Умайн гаднах жирэмслэлт нь умайн гуурсан хоолойн жирэмсэн,
хэвлийн өндгөвчний жирэмсэн гэх мэт хаана байрласнаас шалтгаалан олон
янз байдаг. Тэр дундаа умайн гуурсан хоолойн жирэмсэн нь хамгийн их
тохиолддог бөгөөд 98-99 хувьд нь тохиолддог. Сүүлийн үед ихэсээд байгаа
үндсэн шалтгаан нь бага аарцгийн хөндийн болон үрэвсэлт өвчнүүдтэй
холбоотой. Ялангуяа бага аарцгийн идээт болон бусад үрэвсэл бэлгийн
замаар халдварласан бусад өвчнүүд бас олон абортод орсонтой холбоотой
байгаа нь сүүлийн үед их ажиглагдаж байна.
-Умайн гаднах жирэмслэлтийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Жирэмсний үеийн шинж тэмдэг илэрдэг үү?
-Сарын тэмдэг ирэхгүй байх, тестээр үзэхэд эерэг хариу гарах, дотор
муухайрах, огиулах, хөх хөндүүрлэх зэрэг хэвийн жирэмслэлтийн үеийнх шиг
шинж тэмдгүүд илэрдэг ч эдгээрийн зэрэгцээ хэвлийн доод хэсэг болон
гэдсээр хүчтэй хатгуулж өвдөж байвал умайн гаднах жирэмсэн байх магадлал
өндөр байдаг. Заримдаа мөр болон хүзүүгээр өвдөж, толгой эргэн ухаан
алддаг. Мөн үтрээнээс доош сарын тэмдгээс хавьгүй их, эсвэл бага
хэмжээний цус гарна.
-Энэ төрлийн жирэмслэлт 30 хүртэлх насны эмэгтэйчүүдэд их тохиолддог гэлээ. Ямар эмэгтэйчүүд өртөх магадлал их байдаг вэ?
-Түрүүнд миний хэлсэнчлэн 25-30 насны эмэгтэйчүүд, өмнө нь умайн гадна
жирэмсэлж байсан, аарцаг болон хэвлийн хөндийн мэс засалд орж байсан.
Мөн хэд хэдэн удаа үр хөндүүлж байсан бол өртөх магадлалтай. Түүнчлэн
спираль тавиулсны дараа жирэмсэн болбол умайн гаднах жирэмсэн байх
тохиолдол маш их байдаг.
-Яаж оношилж, эмчлэх вэ. Энэ тал дээр эмэгтэйчүүдийн мэдлэг хомс байдаг учраас яах учраа мэдэхгүй сандардаг?
-Онош нь хэр батлагдсан, хөврөлийн хэмжээ хир зэрэг том байгаа, ямар
багаж хэрэглэх боломжтой байгаа зэргээс эмчилгээний арга хамаарагддаг.
Хэрэв онош батлагдсан, хөврөлийн хэмжээ жижиг, цус алдалт үүсээгүй
нөхцөлд Метотрексат гэдэг эм хэрэглэдэг. Энэ эмийн бодисийг булчинд
тарьдаг бөгөөд цусны урсгалд шимэгдэн орж ихэсийн эсийн өсөлтийг
зогсоосноор жирэмслэлтийг тасладаг. Хэсэг хугацааны дараа хөврөл
шимэгдэн алга болдог. Эмийн бодисын үйлчилтэй холбоотойгоор сөрөг үр
дагавар хэсэг хугацаанд гарч ирж магад. Үүнийг хэрэглэж байгаа үед
түүний үйлчлэлд саад болох согтууруулах ундаа болон бэлгийн харьцаанаас
зайлсхийх ёстой. Энэ эмчилгээг хийлгэсний дараа цусанд гонадотропины
хэмжээг дахин үзэж жирэмслэлт зогссон эсэхийг тодруулдаг.
Хэрвээ үр дамжуулах хоолой урагдаж, цус алдаж эхэлсэн бол яаралтай мэс
ажилбар хийхээс өөр арга байхгүй. Ингэснээр үр дамжуулах хоолойг
гэмтээлгүйгээр жирэмслэлтийг зогсоож болно. Харин зарим аюултай
тохиолдолд үр дамжуулах хоолойг тэр чигт нь авахаас өөр аргагүй
тохиолдол ч гардаг. Хэрэв цус алдалт явагдаагүй бол заавал тэгэх
шаардлагагүй. Үр дамжуулах хоолой урагдаагүй тохиолдолд эмчийн хяналтад
орж ажиглалт хийнэ. Заримдаа үр хөврөл томорч өөрөө амьгүйдэн зулбан
гарах тохиолдол ч бий. Ингэсэн үед эхэд дараа нь учирч болох наалдангийн
аюулаас хамгаалах хэрэгтэй. Харин эхийг хяналтад авахдаа өвчтнийг
сайтар мэдээллээр ханган, ямар нэгэн цус алдалтын шинж тэмдэг илэрвэл
хугацаа алдалгүй эмчид хандах хэрэгтэйг сануулах ёстой.
Цөөн тохиолдолд үр хөврөл нь үр дамжуулах хоолойноос өөр газар томордог.
Үр дамжуулах хоолойноос хэсэг хугацааны дараа өөрөө зулбах мэтээр гарч
гэдэсний хөндийд тогтон тэндээ томорч эхэлдэг. Заримдаа өндгөвчин дотор,
савны амсарт жирэмслэлт явагдах нь ч бий.
-Савны гадуурх жирэмслэлтээс хэрхэн сэргийлэх вэ?
-Үүнээс сэргийлэх хамгийн энгийн арга бол эмэгтэйчүүд өөрсдөө сарын
тэмдэг ирэх хугацаандаа ирээгүй тохиолдолд цаг алдалгүй эмчид хандах
хэрэгтэй. Ингэснээр умайн гаднах жирэмслэлтээс бүрэн дүүрэн хамгаалж
чадахгүй ч эхэд болон үр дамжуулах хоолойг гэмтээлгүйгээр эмчлэх бүрэн
боломжтой байдаг учир эмэгтэйчүүд маань өөрөө өөрсдөдөө хяналт тавьж
хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орохгүй байж, олон дахин үр хөндөлт
хийлгэхгүй байх хэрэгтэй. Үр дамжуулах хоолойд тогтсон өндгөн эс томорч,
багтахгүй болоод ирэхээрээ хагарах юм уу эсвэл хоолойг урж цус алддаг.
Энэ тохиолдолд эмэгтэйчүүдийн анхааралгүй, хайхрамжгүй байдлаас болж
дотуур цус алдалтын улмаас эхийн амь нас эндэх аюултай байдаг учраас цаг
алдалгүй эмчид хандан эмчилгээ хийлгэж, хэт авиан дурангаар үр хөврөл
умайд орсон эсэхийг шалгуулах нь хамгийн сайн урьдчилан сэргийлэх арга
юм.
-Үүний дараа дахин хэвийн жирэмслэх боломжтой юу?
-Умайн гаднах жирэмслэлттэй болж байсан бол hCG дааврынхаа хэмжээг 0
болтол нь байнга буюу дор хаяж гурван сард нэг удаа үзүүлж байх
хэрэгтэй. Энэ дааврын хэмжээ өндөр байх нь хэвийн бус хөгжилтэй
хөврөлийг бүрэн аваагүй байгааг харуулдаг юм. Умайн гаднах жирэмслэлтийн
дараа дахин хэвийнээр жирэмслэх магадлал 60 хувьтай байдаг учир
эмэгтэйчүүд маань биеэ гамнаж, эрүүл мэнддээ анхаарал хандуулах
хэрэгтэй. Түүнчлэн эмэгтэйчүүдийн эмчид тогтмол үзүүлж байгаарай.
ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН