Орхон голын бохирдлыг шинжилгээгээр нь авч үзвэл Харгуйт голын нэг литр усанд магни зөвшөөрөгдөх хэмжээнээс 10.85, төмөр 8.03, Өлзийт, Тээл, Өл, Харгуйт голын уулзварт төмөр 6.86, аммони 7.7, Будант голд төмөр 1.99, аммони 1.8, Өлийн голд төмөр 1.52, аммони 0.5 мг-аар их байгаа нь илэрсэн байна. Энэ мэтээр уул уурхайн компаниуд гадны, дотны гэхгүй байгаль экологид хохирол их хэмжээгээр учруулж, хуулийн байгууллагынхан хариуцлага тооцож чадахгүй, эрх мэдэлтнүүд нь татвар авч чадахгүй эцсийн эцэст иргэдийн өмч болсон газрын баялаг ийнхүү гадны орнуудыг зорьсоор байна. Ашигт малтмалын гэрээ, хайгуул, олборлолтыг цуцлах олон олон шийдвэрүүдийг харьяа яамнаас байсхийгээд гаргадаг ч биеллээ олохгүй байсаар байгаа энэ асуудлыг зохицуулж, ногдуулах шийтгэлийг нь өгөхийг иргэд хүсч байна. Аймаг, сум алгасахгүй манай орны хаа сайгүй уул уурхайн олборлолт хийгдсээр байгаа нь ирээдүйд нөхөж баршгүй гарз хохирол болно гэдгийг ОУ-ын байгууллагууд, байгаль орчны мэргэжилтнүүд, иргэд Монгол улсын төрийн өндөрлөгүүд, шийдвэр гаргах дээд байгууллагад анхааруулсаар байгаа юм. Ард түмэн, адуу малыг хордуулж Хонгорын эмгэнэлийг давтаагүй ч Архангай аймгийн байгалийн цогцолбор газар алтны уурхайнуудаас болоод сүйдэхэд хүрчээ.
“Алтан дорнод Монгол” Архангайн байгалийг сүйдэлж байна
Архангай аймгийн Цэнхэр сумын нутгийг дайран урсах Тамирын гол үндсэндээ гол биш горхи болжээ. Нутгийн иргэдийн халаглан ярихыг сонсвол “Алтан дорнод Монгол” болон “Монгол газар” компаниуд энд олборлолт явуулж байгаа юм. Архангай аймаг бол Монголын аялал жуулчлалын гол бүс нутаг. Ирсэн жуулчин бүхэн Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур, Ганц хүний агуй, Чулуутын хавцал, Тайхар чулуу гээд тус аймгийн нутагт байрлах 7000 жилийн өмнөх тогтоц, галт уулаас үлдсэн ул мөр бүхий газар нутгийг үзэж сонирхохыг хүсдэг. Гэтэл тус аймгийн нутагт уул уурхайн олборлолт ихээр хийгдсэнээс болж аймгийн байгаль, экологийн тэнцвэр үндсэндээ алдагдахад хүрээд байгаа аж. Тус аймгийн гурван сумыг дамжсан газар нутагт Их аварга Д.Дагвадорж ураны олборлолт хийж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл алтны уурхайнуудын эйфль гэж нэрлэдэг гол доторх олборлолт Тамирын голд ид явагдаж, одоогоор дээрх хоёр компаниас гадна дахиад гадны хөрөнгө оруулалттай нэг компани нэмэгдсэн аж. Тэд нэг бүр нь 5 эйфль газарт алт олборлож, голын урсацад шууд нөлөөлж байгаа аж. Тамирын гол нь Орхон голд цутгадаг бөгөөд энэ нь Орхон голын гольдиролд мөн нөлөөллөө үзүүлж байгаа гэнэ. Байгаль хамгаалагчдын урьдчилан тооцоолсноор бол тус аймгийн газар нутагт 250 орчим тэрбум төгрөгийн хохирол учраад байгаа юм байна.
Өнгөрснийг сөхвөл “Алтан дорнод Монгол” компани нь өмнөх олборлосон алтныхаа татварыг манай улсад төлөөгүй хэрнээ аймаг дамжин дахин Цэнхэр суманд олборлолт хийсээр хоёр жил болж байна. Өнгөрсөн жил Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтарсан шалгалт хийгдэж” Алтан дорнод Монгол” ХХК болон “Монгол газар” компаниудыг хуулийн байгууллагад өгч, Мөрдөн байцаах газрынхан сүржин мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн хэдий ч жил өнгөрчихөөд байхад энэ хэрэг өнөөдөр таг чиг байхаас гадна яаж шийдэгдэх нь өдий хүртэл тодорхойгүй байсаар байгаа билээ. Уул нь бол тухайн үедээ шалгалт хийхэд дээрх хоёр монополь компаниудын авсан зөвшөөрөлгүй талбайд давхар түрээслэн 50 орчим жижиг компаниуд алтны олборлолт хийж байсан юм. Харин энэ хэргийн талаар эргэн сурвалжлахад өнгөрсөн хугацаанд “Алтан дорнод Монгол” ХХК-с нөхөн төлбөр авч байгаль орчны хохирлыг барагдуулаагүйгээр барахгүй тус компанийн дэд захирлын албыг хашиж байсан Ч.Бямбаа гэгчийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт “Алтан дорнод Монгол”, “Монгол газар” компаниуд 2010 оноос 2011 оны есдүгээр сар хүртэл үйл ажиллагаа явуулж байсан талбайгаа хамгийн бага нь 40 сая, хамгийн өндөр нь 180 сая төгрөгөөр худалдсан гэдэг. Дээрх компаниудын удирдлагад Эрүүгийн хуулийн 208 дугаар зүйлд заасан “Усны тухай хууль, тогтоомж зөрчсөний улмаас онц их хэмжээний хохирол учирсан”, 214 дүгээр зүйлд заасан “Тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй, эсвэл химийн хорт болон аюултай бодис хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн тодорхой шийдэлд хүрээгүй байгаа гэлээ.
Г.Тэгшжаргал (www.wikimon.mn)