Федерер, Муррей нар хагас шигшээд таарах магадлалтай

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

Федерер, Муррей нар хагас шигшээд таарах магадлалтай

/Талбайн теннисний оны дөрөв дэх “Их дуулга” болох “Америкийн нээлттэй тэмцээн” наймдугаар сарын 27-нд эхлэх билээ. Мэргэжлийн теннисчдийн холбоо (ATP), эмэгтэй теннисчдийн холбоо (WTA) шилдэг 128 теннисчин оролцож байгаа бөгөөд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн сугалаа гарсан байна.

Эрэгтэйчүүдээс “Их дуулга”-ын 11 түрүүг хүртэхдээ 2010 оны “Америкийн нээлттэй тэмцээн”-нд түрүүлж байсан өдгөө дэлхийн чансааны гуравт эрэмбэтэй Испаний Рафаэль Надаль тэмцээнийг өнжихөөр болсон. Тус тэмцээнийг тэргүүлэн тоглож буй Швейцарийн Рожер Федерер болон Лондонгийн олимпийн аварга Их Британы Энди Муррей нар учраа бүрээ буулгах аваас хагас шигшээд таарах магадлалтай байна. Лондонгийн олимпийн тоглолтын шигшээд тэд учраа таарахад Энди Муррей гурван үеийн турш (6–2, 6–1, 6–4) илүүрхсэн билээ. Муррейгийн хувьд өдгөө дэлхийн чансааны дөрөвт эрэмбэлэгдэж буй бөгөөд “Их дуулга”-ын шигшээд дөрвөнтөө шалгарахад Рожер Федерерт гурван удаа, Сербийн Новак Жоковичид (Өнгөрсөн жилийн "Америкийн нээлттэй тэмцээн") нэг удаа ялагдаж байсан байна. Эрэгтэйчүүдээс түрүүлэх хамгийн өндөр магадлалтай буй "Их дуулга"-ын 17 цомыг хүртэхдээ "Америкийн нээлттэй тэмцээн"-нд таван удаа (2005-2008) дараалан түрүүлсэн хосгүй амжилтын эзэн өдгөө дэлхийн чансааг тэргүүлж буй Рожер Федерер хагас шигшээд хүрэхийн тулд Испанийн Фернандо Вердассо (25), Чехийн Томаш Бердых (6) нарын шилдэгүүд таарах магадлалтай байна. Магадгүй тэрбээр хагас шигшээ хүртэл Энди Муррейтэй тулах аваас ялах магадлалтай байгаа бөгөөд улмаар шигшээ Сербийн Новак Жоковичтэй таарч мэднэ. Лондонгийн олимпийн наадмын хүрэл медалиас мултарсан Новак Жоковичийн хувьд хагас шигшээд шалгарахын тулд мөн л хүндхэн учраанууд хүлээж байна. Тодруулбал, Швейцарийн Вавринка (18), Лондонд ялагдсан Аргентиний Хуан Мартин дэл Потро (7) нар бий.

Эмэгтэйчүүдийн хувьд ширүүхэн өрсөлдөөн өрнөх нь дамжиггүй. “Их дуулга”-ын 14 түрүүт АНУ-ын Серена Уильямс, долоон түрүүт Винус Уильямс, дөрвөн түрүүт ОХУ-ын Мария Шарапова, Белгийн Ким Клейстерс нарын шилдэгүүд байгаа бол дэлхийн тэргүүн теннисчин Беларусын Виктория Азаренка, өнгөрсөн жилийн "Америкийн нээлттэй тэмцээн"-ий аварга Австралийн Саманта Стосур, Чехийн Квитова, Польшийн Радваньска нарын шилдэгүүд ч түрүү хүртэхэд ойрхон байгаа билээ.

Эмэгтэйчүүдийн эхний сонирхолтой тоглолт хоёрдугаар тойрогт өрнөх болоод байна.

Өнгөрсөн жил үе мөчний Sjogren Syndrome өвчний улмаас есөн сар тэмцээн уралдаанд оролцоогүй байсан АНУ-ын нэрт теннисчин Винус Уильямс энэ жилийн уралдаан тэмцээнд төдийлөн өндөр амжилт үзүүлээгүй ч чансаагаа 47 хүртэл ахиулж чадсан. Тэрбээр эхний учраагаа буулгах аваас хоёрдугаар тойрогт чансааны зургаад эрэмбэлэгдсэн Германы Анжелья Кербертэй оноолт таараад байна. Винус "Их дуулга"-ын долоон түрүүг хүртэхдээ "Америкийн нээлттэй тэмцээн"-нд хоёронтоо түрүүлсэн (2000, 2001) юм.

Энэ жил 131 дэх жилдээ зохиогдож буй тус тэмцээний шагналын сан 24 сая ам.долларт багтаж байгаа бөгөөд ганцаарчилсан төрөлд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй теннисчид 1 сая 900 мянган ам.долларын шагнал хүртэх аж.

ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨЛ:  (эрэгтэй, эмэгтэй тус бүр):
Аварга: 1 сая 900 мянган ам.доллар
Дэд аварга: 950 мянган ам.доллар
Хагас шигшээ (2): 475 мянган ам.доллар
1/8-ийн шигшээ (4): 237 мянган ам.доллар
1/16-ийн шигшээ (8): 120 мянган ам.доллар
3-р тойрог (16): 65 мянган ам.доллар
2-р тойрог (32): 37 мянган ам.доллар
1-р тойрог (64): 23 мянган ам.доллар


ХОСЫН ТӨРӨЛД (Эрэгтэй, эмэгтэй тус бүр):

Аварга: 420 мянган ам.доллар
Дэд аварга: 210 мянган ам.доллар
Хагac шигшээ (2): 105 мянган ам.доллар
1/8-ийн шигшээ (4): 50 мянган ам.доллар
1/16-ийн шигшээ (8): 26 мянган ам.доллар
2-р тойрог (16): 16 мянган ам.доллар
1-р тойрог (32): 11 мянган ам.доллар


ХОЛИМОГ ХОСЫН ТӨРӨЛД:

Аварга: 150 мянган ам.доллар
Дэд аварга: 70 мянган ам.доллар
Хага шигшээ: 30 мянган ам.доллар
1/8-ийн шигшээ (4): 15 мянган ам.доллар
2-р тойрог (8): 10 мянган ам.доллар
1-р тойрог (16): 5 мянган ам.доллар

Тэмцээн есдүгээр сарын 9-нд өндөрлөнө.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж