-Та сайн явж байна уу. Ажил, амьдрал сайн уу?
-Сайн, ажил амьдрал дажгүй ээ. Амарч байна. Хөдөөгүүр сар хэртэй явж байгаад ирлээ. Сүүлийн жилүүдэд эх орноороо аялах хүсэлд автаад байсан юм.
-Та тэгээд хаана ямар ажил эрхэлж байгаа юм бэ?
-Хөх хотод ажиллаж байгаа.
-Ойрхон юм. Сураг алдрахаар хол биш л юм байна шүү дээ. Тэгээд яагаад хүмүүс таныг усанд хаясан чулуу шиг алга болсон гээд байсан юм бол?
-Мэдэхгүй ээ. Би үнэндээ албан ёсоор хэлэлгүй яваад өгсөн юм. Ажил цуглаагүй, амралтын үед тэнд ажиллах урилга ирээд, ажил эхлэх хугацаа нь тулсан байсан болохоор яваад өгсөн юм. Очоод багшилж эхэлсэн. Өвөр Монголын Улсын их сургууль гэж их том сургууль. Түүний Урлагийн сургуулийн дэргэдэх хүүхдийн найрал дууны сургуульд багшлахаас ажлаа эхэлсэн. Чив чимээгүй өмнөхөө хийгээд л яваад байсан болохоор хүмүүст мэдэгдэхгүй байсан байх. Нэгэнт ажлаа орхиод явсан хүн юу гэж тайлбарлах ч юм билээ, айгаад л таг чиг байгаад байсан. Өөр ямар нэг шалтгаан байхгүй.
-Тэгэхээр найрал дуунд сурдаг хүүхдүүдэд хичээл зааж байгаа юм байна. Ямар хичээл заадаг вэ?
-Сонсгол, төгөлдөр хуур, хөгжмийн онол заана. Түүнээс гадна тус их сургуулийн оюутны симфони найрал хөгжим, залуучуудын Морин хуурын чуулга удирдаж байна.
-Ямар олон ажил вэ?
-Болж л байна. Намайг тоогоод ажиллаач гэхээр нь очсон.
-Та Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн удирдаачаар ажиллаж байсан, уран бүтээл ч сайн хийж байсан. Яагаад Филармонийн ажлаасаа татгалзав, яагаад ийм сонголт хийхэд хүрэв. Уг нь эндээ ажиллавал нэр хүндтэй биш үү?
-Би хүний хувьд, уран бүтээлчийн хувьд хийж байгаа ажлаа 100 хувь хийх ёстой гэж боддог. Энэ миний ажил, амьдралдаа баримталдаг зарчим. Ямар ажил гэдгээс хамаарахгүй. Удирдаач байна уу, багш байна уу, ялгаагүй. Амжилтын үндэс нь ажлаа үнэнчээр хийх. Яагаад урагшаа явсан бэ гэхээр ажиллахыг урьсан урилгыг нь хартал цалин нь миний энд авдгаас арав дахин их байсан. Би энэ үнэн үү гэж дахин нэг лавлаад эргэлзэх юмгүй шийдсэн. Би гэр бүлтэй, гурван хүүхэдтэй. Гэтэл хэчнээн их ажилласан ч, хэчнээн сайхан уран бүтээл төрүүлсэн ч өчүүхэн бага цалин минь хаанаа ч хүрэхгүй болохоор тийм бага хөлс авахын төлөө ажил хийгээд яах юм. Хүүхдүүдээ яаж эрүүл саруул өсгөж, эрдэм ном сайтай хүн болгох юм бэ. Би эцэг хүний хувиар тэднийхээ ирээдүйг бодсон. Өөр шалтгаан байхгүй. Тэнд би ажлаа сайн хийж байгаа.
-Хэр удаан ажиллах вэ?
-Гэрээг жил жилээр сунгаж явдаг. Цаашдаа надтай гэрээ хийсээр байх уу, үгүй юү гэдгийг одоо хэлж мэдэхгүй. Миний санаа бол над дээр төгөлдөр хуур сурч байгаа шавь нараа сургуулиа төгстөл байхсан гэж бодож байна. Тэгэхээр нэлээд хэдэн жил болох байх.
-Монгол Улс симфони найрал хөгжмийн цөөхөн удирдаачтай. Гарын таван хуруунд багтах төдий л байдаг. Уг нь ийм нарийн мэргэжилтнүүдийн хэрэгцээ, шаардлага Монгол Улсад их байгаа даа…
-Байх ёстой л байх. Гэхдээ тэр нь харагддаггүй. Хэрвээ шаардлага үнэхээр байдаг бол ажиллах нөхцөл, цалин хөлс, бүтээн туурвих байр танхим зэргээр сайтар хангаж өгөх ёстой. Энэ бүхний аль нь ч байхгүй болохоор хүн яаж ажиллах вэ. Өнөөдөр Монголд мэргэжлийн уран бүтээлчид өдөр хоногийг аргацаасан байдалтай ажиллаж амьдардаг. Сайн бүтээлийн талаар хүсч мөрөөдөх урам зориг байхгүй. Сэтгэл ханамжтай амьдрахад хүрэлцэхүйц ажлын хөлс байдаг бол хүн ажлаа яаж чанартай хийх вэ, яавал уран бүтээлээ өндөр түвшинд гаргах тухай л бодно. Цаг, хүчээ түүнд зориулна шүү дээ. Даанч Монголд өнөөдөр тэгэх арга алга.
-Тэглээ гээд таныг ийм нарийн мэргэжлийн хүн байж гадаадад гарахдаа Хөх хотыг сонголоо гэж үү дээ гэх хүн гарах л байх…
-Хаана ажиллах нь хамаагүй, ажил мэргэжилдээ, хөгжимдөө үнэнч байх нь чухал. Сайн бүтээл гаргахын төлөө сэтгэлээ, цаг заваа, хүч энергиэ зориулах нь л чухал. Хөгжмийг хөгжим шиг дуугаргаж, хүмүүсийн хүртээл болгож чадаж л байвал миний зорилго тэр. Энэ зорилгод хүрэхийн тулд ар гэрт тайван, санаа зовох зүйл бага байх хэрэгтэй. Түүнээс биш уран бүтээлчид над шиг дөрвөн жил ажиллахдаа дөчин удаа гэрээ нүүлгэх шахвал яаж ажил, уран бүтээлдээ амжилт гаргах вэ. Төр урлаг, уран бүтээлч, мэргэжилтэн хэрэгтэй гэж үздэг бол өчүүхэн бага, амсуулах төдий цалин өгдгийн хувьд ядаж орон байраар хангах хэрэгтэй шүү дээ. Орон сууцыг тухайн уран бүтээлчид эзэмшүүлэхдээ заавал өөрт нь өгөхгүй байсан ч болно. Улсад ажиллах хугацаандаа үүнд амьдраарай гээд байр гаргаж өгөөд, тэтгэвэртээ гарахад нь хурааж аваад дараагийн хүнд түр эзэмшүүлж болно. Ажлаа тайван хийж, тэтгэврээ тогтоолгосон хүмүүс гэр бариад гарна уу, хөдөө амьдарна уу, хураасан мөнгөө оролцуулж байгаад зээлээр байр авна уу өөрсдийнх нь мэдлийн хэрэг. Гагцхүү ажлаа хийж байх үедээ орон сууцаар хангагдах ёстой. Нийтэд нь тийм боломж олгодоггүй юм гэхэд эн тэргүүнд шаардлагатай хүмүүсийг ийм арга хэмжээнд хамруулах ёстой. Өнөөдөр хөгжимчдийн дунд гэр хороололд амьдардаг хүн хэд байна. Тоглолт орой тарна, гэртээ хүрэх гэж бөөн юм болно. Өглөө эрт гарч ирнэ. Ар гэртээ санаа зовно. Хөгжим тоглох, тоглуулах гэдэг адилхан нарийн ажил. Тийм ч учраас тусгай сургуулиар, бодлогоор бэлтгэдэг. Бодоод байхад Монголын урлагийн төлөө, уран бүтээлчдийн төлөө чин зүрхнээсээ зүтгэж байсан А.И.Филатовагийн үед ямар сайн бодлого хэрэгжиж байсан юм бэ. Тэр үед урлагийнхны нэр хүнл өндөр байсан. Нийт ард түмний хувьд урлагийнхан тэнгэрийн хүмүүс мэт нэр хүндтэй байсан. ХБДС-ийн багш, сурагчид сайд нарын II эмнэлэгт эмчлүүлдэг байсан гээд бодохгүй юу. Гэтэл одоо хамгийн доод ангиллынх болсон. Өнөөдөр маш сайн хөгжимчин байсан ч газар ухаж мөнгө олдог бизнесмэнээс доогуур нэр хүнд, байр суурьтай. Орлого, амьжиргаа нь ч тэр. Уран бүтээлчдээ ингэж амьдруулах гэж төр тэднийг 20 жил сургаж бэлтгэдэг юм уу. Уг нь ажиллуулж эзэмшсэн мэдлэг, чадварыг нь ард түмний оюун санааны өсөлтөд зориулах гэж бэлтгэдэг баймаар. Гэтэл өнөөдөр Монголд бүх юм урвуугаар эргэчихсэн. Хэн худлаа хэлж, хулгай хийнэ, хуйвалдана түүний амьдрал хангалуун, үр хүүхдэдээ өвлүүлэх хөрөнгөтэй болж байна. Тэр хүмүүсийн сэтгэл санаа ямаршуу явдгийг мэдэхгүй, гэхдээ л амьдрал хангалуун, ар гэрээ сайхан авч явж байгаа харагддаг. Нийгэмд ч гэсэн ингэж, ийм замаар амьдрах ёстой юм байна гэсэн ойлголт төрж байна. Би ар гэрээ, хүүхдүүдээ бодож эрс шийдвэр гаргаж тэнд ажиллахаар явснаар би өнөөдөр хөгжмийнхөө ажлыг сэтгэл амар хийж байна. Гадаадын мэргэжилтэн гэж хүлээж авсан болохоор хангамж сайн. Хятадууд ихэвчлэн барууны орнуудаас хөгжмийн мэргэжилтнүүд урьдаг юм байна. Монголоос тус сургуульд надаас гадна Морин хуурын чуулгын нэгдүгээр морин хуурч байсан Хосбаяр ажилладаг. Надаас өмнө очсон.
-Бас та хоёрын эхнэрүүд ажилладаг гэсэн, тийм ээ?
-Тийм. Манай хүн хийл, Хосоогийн эхнэр Хорлоо флейт заадаг болсон. Ингээд дөрвүүлээ ажиллаж байна аа.
-Та Монголд соёл урлагаа гэх бодлого алга гэж хэлж байна. Тэгвэл зөв бодлогыг хэн, хэрхэн боловсруулах вэ?
-Олуулаа бодох хэрэгтэй. Ганц нэг хүн хэдий хашгираад, шүүмжлээд юунд ч хүрэхгүй. Системээр нь, цогцоор нь засч залруулах бодлого хэрэгтэй. Наад зах нь хөгжим тоглох зориулалтын байр танхим, концертын заал хэрэгтэй. Улсын филармони гэхэд огт зориулалтын биш, хурлын танхимд хөгжим тоглож байна. Дуурийн театр дан хөгжмийн тоглолтын зориулалт байхгүй. Филармонид ажиллаж байхдаа гадаадаас нэртэй удирдаачид урьж хамтарч ажиллаж байлаа. Тэр хүмүүс манай байр танхимыг голдог, ийм танхимд хөгжим тоглоно, сонсоно гэж байхгүй, хөгжмийг жинхэнэ утгаар ингэж тоглохгүй гэдэг байсан. Танайх зориулалтын танхимтай болчихвол гадаадын нэгдүгээр зэргийн оркеструудыг үнэ төлбөргүй шахам урьж авчирч болно ч гэж ярьж байсан. Улс хөгжимчин, найрал хөгжим, удирдаачаа бэлтгэж болж байгаа юм чинь хүмүүстээ хөгжим сонсгох концертын танхимыг нь яагаад барьж байгуулж болдоггүй юм. Бүхэл бүтэн улс шүү дээ. Тэгэхэд Хөх хотод өнөөдөр концертын танхим хэд хэдийг шинээр барьж байна. Дэлхийн хамгийн шилдэг симфони найрал хөгжмүүдийг хүлээж авахад зориулж барьж байна. Хамгийн түрүүн Улаан театрын ойролцоо барьж байгаа концерт холл ашиглалтад орох байх. Хөгжим, урлаг хүмүүсийн хөгжил, оюун санаанд нөлөөлнө гэж үзэж байгаа учраас хөгжлийн бодлогын хүрээнд ингэж концертын сайн танхимтай болохыг чухалчилж байна. Тэгтэл манай улсын ганц Филармони нь Соёлын төв өргөөнөөс байр түрээсэлж суудаг. Яагаад өнөөдөр Монголын ганц брэнд болсон Морин хуурын чуулгын статусыг ахиулж улсын чуулга болгон ач холбогдол өгөхгүй байгаа юм. Хэдий болтол Улсын филармонид харьяалуулж, илүү амжилт гаргах, Монголыг гадаадад зогсоо зайгүй сурталчлах боломжоор хязгаарлаад байгаа юм бэ. Одоо Соёлын яамтай болж байгаа гэсэн. Энэ бол дэвшил. Бодвол бодлогыг шинээр боловсруулж дутуу дундуураа гүйцээх байлгүй дээ. За за ингээл яриад байвал бухимдаад байдаг юм.
-Энэ бүхний талаар урьд нь ярьж, асуудал дэвшүүлж байсан уу?
-Ярьдаг л байсан. Гэхдээ олуулаа нийлж ярьж, асуудал болгож тавихгүй юм бол нэмэргүй юм байна гэдгийг ойлгосон. Нэг удаа энэ тухай манайд ирж ажилласан норвег удирдаач Терье Микельсонтой ярьж суухдаа хэлтэл надад нэг зөвлөгөө өгсөн юм. Тэр намайг гадаад гар гэсэн. Аль ч улс оронд эх орныхоо гадна байгаа нэгнийхээ хэлж ярихыг илүү сонсдог. Тэр Бах, тэр Моцарт гээд хөгжмийн цуутай зүтгэлтнүүд хүртэл гадаадаас дуу хоолойгоо хүргэдэг байсан нь илүү тусдаг байсан тухай дурдсан л даа. Бахыг л гэхэд тухайн үеийн нийгэм нь сонсдоггүй, тоодоггүй байж. Гэхдээ би өөрийгөө тэр мундаг хүмүүстэй зүйрлэж байгаа юм биш шүү. Учир мэдэх хүн зөвлөсөн тухай л ярьж байна.
-Тэгээд гадагшаа явахаар шийдсэн байх нь…
-Түүнийг хэлэхээс өмнө би бодсон байсан л даа. Ер нь бүтэхгүй юм байна. Хамаг хийж бүтээх нас, цаг өнгөрөх юм байна гэж бодож байсан. Үүн дээр норвег удирдаачийн зөвлөгөө нэмэр болсон. Тэр үед Хөх хотод ирж ажиллаач ч гэсэн. Явах, өөрөөр хэлбэл хувьсгалын тохироо бүрдээд гэх үү дээ (хөхрөв).
-Тэгэхээр одоо ажилдаа сэтгэл ханамжтай, цалин хөлс сайн байгаа болохоор нэг хэсэгтээ тайвширчээ гэж ойлгож болох уу?
-Ажлаас өөр бодох юм алга. Хүүхдүүд маань сургуультай. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлж буй улс, үндэстний хэлийг сурч байна. Бид хоёр ажилтай. Өөр гэр бүлд юу хэрэгтэй вэ.
-Та гэрээгээ дуусгаад эх орондоо ирнэ биз дээ. Бүр цаашаа баруун руу гарчих юм уу?
-Ирнэ гэж бодож байгаа.
-Удирдаачаар ажиллах уу?
-Миний сонирхлыг сургалтын асуудал татаад байгаа. Тэр үед туршлага ч хуримтлуулсан байх биз ээ.
-Таныг тайзан дээр үгүйлдэг хүмүүс байдаг шүү дээ. Эрхбиш оркестр удирдана биз дээ?
-Би удирдаач мэргэжилтэй. Тэгэхээр тайзан дээр гарахгүй гэж хэлж чадахгүй.
-Та Улсын филармонийн ерөнхий удирдаач Н.Бүтэнбаяртай түр тар гэсэн юм уу. Түүнээс болж явсан гэх ч юм билээ…
-Үгүй. Би амьдралаа бодоод, хувиа хичээгээд явсан. Түүнээс биш хэнтэй ч муудаагүй. Ажлын шаардлагаар хөгжимчидтэйгөө ам зөрж байсан тал бий. Гэхдээ ажлаа хаяж явахдаа тултал хэнтэй ч ам муруйгаагүй. Энэ мэт яриа гарснаас тэгсэн үү, Бүтэнбаяр маэстро жаахан гомдсон шиг байсан. Би тэгж бодоод байгаа. Юу үнэн бэ гэхээр бид хоёр муудалцаагүй. Зүгээр л хэлж ярилгүй гэнэт явсанд эгдүүцсэн байх. Харин ч удирдаач Нямдаш бид хоёрт ажиллах, хөгжиж дэвжих нөхцөл бүрдүүлж өгсөн хүн бол Бүтэнбаяр гуай. Би баярлаж явдаг. Бид Филармонид ажиллаж байхдаа дуртай зохиолоо тоглуулж, юу хүссэнээ хийдэг байсан. Залуусыг дэмжиж чаддаг хүн бол тэр.
-Асууя гэсэндээ хариу авлаа. Учрыг ч ойлголоо. Тэгэхээр та уран бүтээлээ, ажил үйлсээ санаснаараа үргэлжлүүлж байгаа юм байна…
-Тэнд монголчуудтайгаа ажиллаж байна. Урлагийн их сургуульд суралцагсдын 70 хувь нь хятад, 30 хувь нь монгол оюутнууд гэдэг юм билээ. Миний удирдаж байгаа Морин хуурын чуулгад хятад оюутан ч морин хуур тоглож байгаа. Тэнд ажиллах болсноор үндэснийхээ урлагийн гайхамшгийг илүү мэдэрч байна.
-Яаж?
-Би симфони найрал хөгжим удирдаж, европ зэмсгээр тоглодог хөгжимчидтэй тулж ажилладаг байсан болохоос монгол ардынхаа хөгжимтэй төдийлөн ойр байгаагүй. Тэгтэл одоо морин хууртаа ямар их хайртай болж байгаа гээч. Энэ бол гайхамшиг юм билээ.
-Танд зөвлөгөө өгсөн норвег удирдаач ухаантай хүн бололтой. Гадаадад ажиллавал эх орноо, үндэстнээ илүү мэдэрнэ, энэ мэдрэмжид суурилсан дуу хоолой илүү хүчтэй сонсогдоно гэж үнэн хэлжээ?
-Харин тийм ээ. Зун амралтаараа хөдөө сар хэртэй явахдаа Монголоо илүү мэдэрлээ. Хөдөө л Монголын сайхан байдаг юм байна. Монгол хүн чинь хөдөө л байдаг юм байна. Олон сайхан хүмүүстэй танилцлаа. Булган аймагт очиж үзэхсэн гэж их боддог байсан, үзлээ. Үнэхээр гоё нутаг юм. Гэхдээ бас л хөдөөгөө бид хаяад, орхиод байгаа юм байна гэдгийг олж харлаа. Одоо бас баахан шүүмжлээд байлтай биш, больё доо. Дараа жилийн амралтаа гэр бүлээрээ Хөвсгөл явахаар ярилцсан.
-Тэгвэл хөдөөгийн талаар дараа жил ярья. Удахгүй эхлэх БНХАУ-ын Соёлын сарын хүрээнд олон сайхан арга хэмжээ, урлагийн тоглолт болох юм билээ. Таны шавь нар ирж тоглоно гэсэн үү?
-Тийм. Найрал дуучин хүүхдүүд маань ирэх есдүгээр сарын 17-нд ирэх юм. Энэ найрал дуу зөвхөн монгол хүүхдүүдээс бүрдсэн. Хөдөөгийн малчдын 5000 хүүхдээс шилж сонгож авсан авьяастай 80 хүүхэд энэ найрал дуунд байдаг. Тэднээс 30-аад нь ирэх юм. Монгол ахуй, заншлын дунд өссөн хүүхдүүд, монгол ардын дуунд суурилж мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн найрал дуу дуулдаг.
-Тусгай сургуульд сургадаг байх нь?
-Өвөр Монголын Улсын их сургуулийн дэргэдэх хүүхдийн найрал дууны зургаан жилийн сургалттай тусгай сургуулиар бэлтгэдэг.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин