Драмынхан орон нутгийг зорино

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

Драмынхан орон нутгийг зорино

УДЭТ-ийн уран бүтээлчид ирэх есдүгээр сарын 7-нд хөдөө орон нутгийн иргэдэд драмын жүжгээ толилуулахаар замд гарах нь ээ. Тэд энэ удаад баруун аймгуудад буюу Говь-Алтай, Баян-Өлгийд аяны богцоо дэлгэх юм байна. Аялан тоглолтын бүрэлдэхүүнд ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Г.Равдан, С.Сарантуяа зэрэг 30 гаруй уран бүтээлч багтжээ.

Харин багийн ахлагчаар ардын жүжигчин Г.Мягмарнаран томилогджээ. Уран бүтээлчид “Тамгагүй төр”, “Ээжээ”, “Надаар тоглосон хайр”, “Эхнэрээ зээлээч” зэрэг жүжгээс гадна хүүхдэд зориулсан “Бардам туулай”-гаар бэлэг барих юм.

Драмын театрынхан хөдөө орон нутгийн аялан тоглолтынхоо дараа суу билэгт, их зохиолч Уилльям Шекспирийн алдарт “Гамлет” жүжгийн бэлтгэлдээ орох бөгөөд уг жүжгээр өвөл цагийн нээлтээ хийх юм.

Драмын тайзнаа 30 жилийн дараа амилах гэж буй тус жүжгийн найруулагчийг өнгөрсөн зургадугаар сард найруулагч нарын дунд тендер зарлан шалгаруулсан бөгөөд  УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар энэхүү тендерийн эзэн болсон юм.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж