“Мал, зэрлэг амьтанд зориулсан гарц байгуулна”

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

“Мал, зэрлэг амьтанд зориулсан гарц байгуулна”

Оюу Толгой ХХК-ийн Биологийн төрөл зүйлийн судалгааны ахлах ажилтан С.Дорждэрэмтэй ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд уул уурхай, байгаль хамгаалал хамтдаа явдаг болсон. Оюу Толгой ХХК байгаль орчны ямар бодлого баримтлан ажилладаг вэ. Үүн дотроос биологийн төрөл зүйлийг хамгаалах талаар?

-Бид Оюу Толгой төслийг хэрэгжүүлэхдээ Өмнийн говийн бүс нутгийн биологийн олон янз байдалд Эерэг нөлөөг ахиу үзүүлэх зорилт тавин ажиллаж байна. Бид энэ зорилгодоо уурхайн хаалтын үеэр хүрэхээр төлөвлөж байгаа. Гэхдээ аль болох эрт хүрэхийг чармайн ажиллана. Уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллага биологийн олон янз байдалд Эерэг нөлөө үзүүлнэ гэхээр зарим хүмүүст ойлгомжгүй, биелэхгүй мэт санагдаж болох юм. Энгийн үгээр тайлбарлавал бидний үйл ажиллагаанаас үүдэн гарч болзошгүй сөрөг нөлөөг үнэлэх, нөлөөллөөс зайлсхийх, нөлөөг бууруулах, арилгах, нөхөн сэргээх, дүйцүүлэн хамгаалах, байгаль орчныг хамгаалах нэмэлт ажлууд зохион байгуулах зэрэг цогц үйл ажиллагаа, менежментийн үр дүнд бүс нутгийн хэмжээнд биологийн олон янз байдал одоогийн байгаа нөхцөлөөсөө илүү сайжирсан, хамгаалагдсан, тоо толгой нь хэвийн байхыг хэлж байгаа юм. Энэ бол бидний амлалт бас үүрэг. Дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компани Рио Тинто бүх уурхайдаа биологийн олон янз байдлын талаар ижил бодлого баримталдаг, стандарт шаардлага нь ч  ийм байдаг.

-Уурхайн орчимд ямар ан амьтад байдаг вэ. Энэ талаар ямар судалгаа шинжилгээний ажлууд хийгдэж байна?

-Зэрлэг ан амьтны хяналт, шинжилгээний хөтөлбөрийг маш өргөн далайцтай хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, уулын болон тал хээрийн туруутан, шувууд, шувуудын үүрлэлтийн байдал, жижиг хөхтөн, мөлхөгчид, усан орчны шавьж ба хоёр нутагтан, хуурай газрын шавьж зэргийн судалгааг сарын давтамжтайгаар Оюу Толгой орчимд болон төслийн нөлөөлөл байхгүй газруудад тогтмол хийж байна. Бас дэлхийн болон Монголын хэмжээнд ховордсон ан амьтдын тодорхой бүлгүүдийн нарийвчилсан судалгааны ажлуудыг мэргэжлийн судлаачидтай хамтран 2012 онд гүйцэтгэхээр төлөвлөөд эхнээсээ хийгдэж байна. Жишээлбэл жороо тоодогийн нарийвчилсан судалгааг Зэрлэг Амьтан Судлах Хамгаалах Төвийн судлаачид хийж байна. Хулан хар сүүлт, цагаан зээр зэрэг тал хээрийн томоохон хөхтөн амьтдын тооллого судалгааг өвөл, зуны улиралд Өмнөговь, Дорноговийн нутгийг хамруулж хийхээр бэлтгэлээ хангасан. Оюу Толгой компанийн зохион байгуулах нэг шинэлэг ажил бол нутгийн иргэдийн оролцоотой хэрэгжүүлэх зэрлэг амьтдын хяналт шинжилгээний хөтөлбөр. Үүгээр нэр бүхий малчид, идэвхтэн байгаль хамгаалагчдыг багаж хэрэгсэлээр ханган, ажиллах нөхцлийг нь бүрдүүлэн, ижил арга зүй ашиглан судалгаа хийх юм. Ингэснээр Ханбогд сумын нутгийг бүхэлд нь хамарсан зэрлэг ан амьтдын тогтмол судалгааны ажлыг эхлүүлж мэдээллийн бааз суурийг бэхжүүлэх, нутгийн иргэдийг байгальд илүү ойртуулах, байгалиа хамгаалах сэтгэл төрүүлэх, хамгаалах ажлыг хамтдаа төлөвлөж гүйцэтгэх зэрэг маш олон талын давуу талтай.

-Дүйцүүлэн хамгаалах хөтөлбөр гэж ярилаа. Ямар онцлогтой хөтөлбөр вэ. Монголд өмнө ийм хөтөлбөр хэрэгжүүлж байсан уу?

-Тодорхой дэд бүтэц, бүтээн байгуулалт хийхдээ тухайн орчныг нөхөн сэргээдэг ч эргээд яг эхний байдлаар хуучнаар нь үлдээх боломж төдийлөн байдаггүй. Тиймээс үйл ажиллагаа явуулсан, байгууламж баригдсан газруудыг анхны байсан хуучин хэвэнд нь оруулахгүй ч аль болох нөлөөг багасгах, унаган төрхөнд нь ойртуулах нөхөн сэргээлт хийдэг. Тэгвэл нөхөн сэргээсний дараа үлдээд байгаа “сөрөг” нөлөөгөө яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Түүнийг өөр орон нутагт байгаль хамгаалах үйл ажиллагаанд идэвхитэй оролцох, санаачлан зохион байгуулах, санхүүжилт болоод бусад бүх талаар дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг дүйцүүлэн хамгаалах гэж хэлээд байгаа юм. Гэхдээ энд нэг онцлог зүйлийг мартаж болохгүй. Дүйцүүлэн хамгаалах газар нутаг, байгаль орчин нь тухайн үйл ажиллагааны явцад сөрөг нөлөөнд автаад байгаа газар нутагтай ойролцоо байх ёстой.  Говьд уурхайн үйл ажиллагаа явуулчихаад хангайд мод тариад бид дүйцүүлэн хамгаалах ажлаа амжилттай хийсэн гэж болохгүй. Дүйцүүлэн хамгаалах үйл ажиллагаа одоогийн Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль эрхзүйн хүрээнд заавал хийх ёстой ажил бус, сайн дурын үйл ажиллагаа болохоор бизнес эрхэлж байгаа компаниуд дүйцүүлэн хамгаалах ажлыг төдийлөн хийж эхлээгүй, энэ талаар төлөвлөлт гаргаагүй л байгаа болов уу.

-Оюу Толгой төслийн талбайгаас урд хил хүртэл засмалаар зэрлэг ан амьтад хөндлөн нэвтрэх гарц байгуулна гэсэн. Ан амьтанд зориулсан гарц гэхээр уншигчдад сонирхолтой байх.

-Зэрлэг амьтдыг хамгаалах ажлын хүрээнд Оюу Толгой төслийн талбайгаас БНХАУ-ын хил хүртэл 101 км-д тавигдах засмал замын 5-6 км тутамд замын доогуур гарцуудыг байгуулна. Гарц маань хоёр талаасаа тэнгэрийн хаяа харагдаж байхаар өндөр нь 4-5, өргөн нь 14-15 метр байх юм. Энэ бол олон улсад хэрэглэдэг шийдэл. Үүгээр зэрлэг ан амьтнаас гадна мал ч чөлөөтэй нэвтрэх бололцоо бүрдүүлэх учиртай. Хил хүрэх хар замын дагууд хийх гарцын зураг төслийг 2012 онд эцэслэн гаргаад ойрын жилүүдэд байгуулна. Харин яг одоо ашиглаж байгаа туслах замын хувьд алсаас налуу байдлаар замтай нэг түвшинд хүргэсэн гарамуудыг хийж өгсөн байгаа. Бид энэ бүх гарц, түр гарам нь зэрлэг амьтдын амьдрах газар нутгийг хуваахгүй байх, саадгүй бас аюулгүй байдлаар зам хөндлөн нэвтрэх зэрэг олон давуу талыг бий болгоно гэж найдаж байгаа. Замын доогуурхи гарцуудыг зэрлэг амьтанд зориулан хийх ажил маань Монголд анх удаа болов уу гэж бодож байна.

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж