Эрдэс баялаг, эрчим хүчнийхэн зөвлөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Эрдэс баялаг, эрчим хүчнийхэн зөвлөлдөж байна

Эрдэс баялаг эрчим хүчний удирдах ажилтны зөвлөгөөн 14 цагаас Улсын драмын эрдмийн театрт эхэллээ. Зөвлөгөөний эхний хэсгийг Эрдэс баялаг, эрчим хүчний  дэд сайд Т.Энхтайван удирдан явуулж байна. Өнгөрсөн оны байдлаар ДНБ-ний 25 хувийг, экспортын 80 гаруй хувийг эрдэс баялаг, эрчим хүчний салбарынхан бүрдүүлж буй бөгөөд тус салбарт нийт 41 мянган хүн ажиллаж буй ажээ. Монгол Улсын тэргүүлэх салбарт зүй ёсоор тооцогдож буй уул уурхайн салбар нь ДНБ-ний ихэнх хувийг үйлдвэрлэж байгаа ч асар хурдацтай хөгжиж байна гэж хэлэх боломжгүй гэдгийг Эрдэс баялгийн сайд онцолсон юм. Өнөөдөр манай орны нутаг дэвсгэрийн 38,7 сая га талбайг хамарсан ашигт малтмалын 4762 тусгай зөвшөөрөл олгогдоод байгаа юм. Үүнээс 479,4 мянган га талбай бүхий 1105 ашиглалтын, 38,2 сая га талбай бүхий 3657 хайгуулынх ажээ. Уул уурхайн салбарын өмнө тулгамддаг бас нэгэн асуудал нь бичил уурхай буюу гар аргаар алт олборлогчид. Өнөөдрийн байдлаар 18 аймгийн 57 орчим сумын нутагт 35 мянга гаруй хүн алт, жонш, нүүрс, гянтболд зэрэг ашигт малтмалыг гар аргаар олборлож байгаа юм. Энэ мэт бэрхшээлийг даван туулахын чухлыг сайд онцлоод түлш, эрчим хүч, геологийн салбарын өнөөгийн байдлын талаар илтгэл тавилаа. Удирдах ажилтны зөвлөгөөн 18 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг, Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан нар өөрсдийн салбарын онцлог, хойшдын зорилтын талаар илтгэл тавьж, хүмүүсийн санал сэтгэгдлийг сонсох юм байна.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж