Азийн авьяаслаг жаалууд дуулан бүжиж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

Азийн авьяаслаг жаалууд дуулан бүжиж байна

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Хүүхдийн төлөө үндэсний газар хамтран Зүүн Азийн хүүхдийн урлагийн Х наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд өчигдөр нээлээ. Монгол, БНХАУ, Япон, Макао, БНАСАУ-ын төлөөлөл болсон 400 гаруй хүүхэд өөр өөрийн үндэстний онцлогийг илэрхийлсэн өнгө өнгийн хувцастай сэргэлэн жаалууд нэгэн нарны дор чуулан баясч байлаа. Биднийг очиход нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой авьяаслаг багачууд “Найрамдал” зуслангийн багш нарын удирдлагаар хөгжилтэй гэгч нь бүжиглэж байлаа. Тэд хамтдаа “Хэрвээ сайхан амьдарч байвал алгаа таш” хэмээн дуулж, бүжиглэсэн. Олон орны найзууддаа монгол бүжгээ сонирхуулахаар ирсэн охиныг Б.Халиунаа гэдэг. Тэрбээр таван настай бяцхан авьяастан. Тайзан дээр бүжиглэхэд нь олны анхаарал түүнд хандав.

Эвлэгхэн хөдөлгөөн, инээсэн нүдээрээ охин үзэгчдийн сэтгэлийг эрхгүй гижигдэж байлаа. БНХАУ-ын авьяаслаг багачуудыг төлөөлөн Бээжин хотын Дончинг дүүргийн хүүхдийн төвийн 14 бүжигчин иржээ. Тэд хятад ардын хөгжмийг хүчтэй транс хэмнэлтэй хослуулан луугийн хөдөлгөөнийг биеэрээ дүрслэн бүжиглэх нь адтай. Ардаа улаан, өвөр нь цагаан өнгийн хувцас нь ион гэрэлд гялбах нь тэднийг улам өнгөлөг харагдуулж байсан юм. Бүжигчин охид толгойгоо сэгсрэн инээмсэглэн, хөгжмийн хурдан хэмнэлд хөл алдалгүй бүжиглэх нь гайхалтай бэлтгэлтэйнх биз ээ. Тэд тус наадамд гурван бүжигтэй ирсэн гэсэн. Энэ тухай “Цаасан хайчилбар охид”  бүжиг нь Хятадын уламжлалт бүжиг. Үүгээр бид хүүхдийн урлагаар дамжуулан цаасан хайчилбар хэрхэн хийдэг, ямар учиртай болохыг дүрслэн харуулдаг. Дараагийн бүжиг нь “Тарчигнуур бөмбөр” нэртэй бүжиг. Энэ нь Хятадын эртний уламжлалт хуучны тоглоом. Хятад хүүхдүүд энэ тоглоомонд их дуртай байдаг. Бүжгийн хувьд гэвэл хятад хүүхдүүд бөмбөр дарж байх явцдаа хэрхэн хөгжилдөж болохыг үзэгчдэд харуулдаг” гэж ярьж байлаа. Үүний дараа БНАСАУ-ын Сэонгнамын залуучудын симфони оркестрын хөгжимчид хийл хөгжмийг бөмбөр, хаан хууртай хослуулан тоглож буй нь үнэхээр гайхалтай байсан. Гэсэн ч энэ тоглолтын бэлтгэлийг харж байхад хамгийн гайхаж, биширмээр хүүхэд багачууд нь Монголын үрс байлаа. 15 нас ч хүрээгүй охид уртын дууг морин хууртай цээл сайхан хоолойгоор хээв нэг дуулна. “Уяхан замбуу тивийн наран”-г хэрхэн шуранхайлуулж байсныг үзэгчид төдийгүй урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатар гуай хүртэл гайхан магтаж байсан юм. Үнэхээр найман наснаас наян настай буурлууд хүртэл үндэснийхээ соёлыг ингэж хадгалж дараагийн үедээ уламжлуулдаг юм шүү гэдгийг тэнд хүрэлцэн ирсэн олон орны багш, төлөөлөгч, найзууддаа батлан харуулж байлаа. Тоглолтод оролцохоор хөдөө, орон нутгаас ирсэн аман хуурч Энхшүр, Мөнхшүр хоёр уг тоглолтын бас нэгэн чимэг болж байсан. Тэдний сэтгэгдлээс хуваалцсан юм. “Бид хоёр энэ наадамд анх удаа оролцож байна. Хамгийн гоё нь орон орны хүүхдүүдтэй танилцаад хамтдаа нэг тайзан  дээр гарч байгаа нь. Өөр орны хүүхдүүдэд ардын урлаг, ёс заншил, соёл, байгаль гээд олон зүйлийнхээ талаар танилцуулсан. Тэд ч мөн адил өөр өөрсдийн орны урлагийн үзүүлбэрүүдийг сонирхуулсан. Ерөнхийдөө танилцах явцдаа авьяас чадвараа нэгтгэж байгаа юм” гэлээ. Олон орны хүүхэд багачууд тэднийг аман хуурар тоглож эхлэхэд  анхааралтай сонсч байлаа. “Найрамдал” зусланд өчигдөр эхэлсэн уг наадам энэ сарын 27-ныг дуустал үргэлжилнэ. Тус наадмын нээлтийн арга хэмжээнд зориулсан тоглолтыг урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатар найруулан бүжгийг нь ч дэглэжээ. Энэ талаар түүнээс дэлгэрүүлэн тодрууллаа. Тэгэхэд “Мэдээж баяртай байна. Энэ наадам манайд хоёр дахь удаагаа болж байна. Тэр тусмаа “Найрамдал” олон улсын хүүхдийн зусланд болж байгаа нь сайхан байна. Энэ жил их онцлогтой болж байгаа. Азийн хүүхдүүдийн эв нэгдэл гэдэг “Найрамдал” зуслантай салшгүй холбоотой байдаг. Түүнтэй адилаар дэлхийн хүүхдүүдийн эв нэгдлийг дэмжиж Ерөнхийлөгч өөрийн ивээл дор зохион байгуулж байна. Энэ нь Азийн хүүхэд багачууд нүүдэлчин гэгддэг их айлд ирж байгаль, ардын урлагийн зан заншилтай нь танилцсанаар Монгол гэдэг улс шинэ зуунд дэлхийн түүхийг уламжлалт ёс заншлаар нь авч үлджээ гэдгийг мэдэх болно. Манай хүүхдүүд бол дэлхийн олон үндэстний хэл, соёл, урлагтай танилцаж оюундаа бага ч болов хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Мөн өөрийн урлаг, зан заншлийг дэлхийд таниулж  чаддаг ийм авьяастай хүүхэд багачууд цуглаад байна. Зүүн Азийн авьяаслаг хүүхэд багачууд надтай хамт бэлтгэл хийж хамтран ажиллалаа. Одоо нээлтийн тоглолт болон энэ арванхоёрдугаар сарын 26-нд болох нэгдсэн хаалтын тоглолтыг бэлтгэж байна. Уг тоглолтод маань Ерөнхийлөгч болон ивээн тэтгэгч тамгын газрын төлөөлөл хүрэлцэн ирж үзнэ. Мөн хамтдаа шинэ ирээдүйн талаар ярилцана. Зөвхөн томчууд шинэ ирээдүйн талаар ярилцдаггүй гэдгийг энэ арга хэмжээ харуулах юм. Дэлхийн ирээдүй хүүхэд байдаг  гэдгийг бодитоор харуулах төлөвлөгөөтэй  ажиллаж байна” гэсэн юм. Тоглолтод оролцсон бий биелээчид, уран нугараачид тайзыг дүүргэх нь өөрийн  эрхгүй бахархал төрөхөөр. 

Зүүн Азийн хүүхдийн урлагийн их наадмын найруулагч, зохион байгуулагч, Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн дэд захирал Б.Отгонбатаас сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр:

-Энэ наадам 2001 онд анх удаа Бээжинд болсон. Үүний дараа манайд 2006 онд болж байсан гэдгийг санаж байгаа байх. Тэгээд 2012 онд ингээд хоёр дахь удаагаа манайд болж байна. Би энэ наадмын өмнөх есөн удаагийнхад оролцсон Монгол Улсын төлөөлөгчдийн багийг бэлтгэж оролцуулж байсан. Найруулж, зохион байгуулах ажилд оролцож байгаадаа баяртай байна. Энэ жилийн наадмыг өмнөхөөс онцлог байлгахыг зорьж байна. Энэхүү наадам хүүхдүүдийн нөхөрлөлийн, эв найрамдлын, харилцан бие биенээсээ туршлага судалсан, солилцсон, хамтарч уран бүтээл туурвисан эв найрамдалын наадам болгохыг зорьж байгаа юм. Яагаад  энэ зусланд болж байна вэ гэхээр байгалийн онцлогтой уялдуулсан хөтөлбөрүүдийг зохион байгуулж байна. Өмнөх наадмууд амжилттай болж байсан хэдий ч танилцах нөхөрлөх тал дээр бага зэрэг дутмаг байсан. Тиймдээ ч энэ удаагийн наадам “Нэг ертөнц, нэг мөрөөдөл” гэсэн уриатай. Анх зохион байгуулагдаж байснаасаа хойш агуулга мэдээж өөрчлөгдсөн. Энэ жил БНСУ оролцоогүй. 2006 оноос бага зэрэг бууралттай тал байгаа. Гэсэн хэдий ч нийт оролцож байгаа хүүхдүүдийн оролцох идэвхи нэмэгдсэн.

Макаогоос ирсэн охидын үндэсний бүжгийн хамтлагийнхантай уулзсан юм. Тэд:

-Сэтгэгдэл маш өндөр байна. Монгол их сайхан орон юм. Цаг агаар нь үнэхээр сайхан байна. Миний нэрийг Эмма гэдэг. Олон орны найз нөхөдтэй боллоо. Бид энэ наадамд “Хацрын ингэсэг” бүжгээр оролцож байгаа. Энэ бүжиг нь Миао хотод гэрлэх гэж буй үзэсгэлэнтэй охины тухай гардаг. Тэр охин их баясгалантай, даруухан юм л даа. Сүйт бүсгүйн нүүрэнд ирээдүйн аз жаргалыг бэлгэдэн улаан оо ингэсэг түрхдэг өгүүлэмжтэй бүжиг. Мөн “Дуулж буй хамжлагын тариачид” бүжиг нь гурван хэсгээс бүрддэг. Ерөнхийдөө хил хязгаар эрх чөлөө, эрх дураараа мэдрэмжийг илэрхийлэх нь 50 жилийн өмнөх Төвдөд болсон ардчилсан хувьсгалын үеийн олон сая тариачдын эрх чөлөөг харуулсан бүжиг.

-Нийслэлийн хүүхдийн төлөө газрын дэргэдэх “Хаан хуур” морин хуурын хамтлагийн гишүүн Т.Санжаажамц:

-Бид ирээд нэг хонож байгаа. Хамтдаа бэлтгэл сургуулилалт хийж цагийг маш үр дүнтэй өнгөрөөж байгаа. Өөр орны бүжиг, дуу манайхаас тэс ондоо санагдлаа.

Б.МАРАЛ-ЭРДЭНЭ, Ч.СУВД

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж