Харгалзагчдын бүдүүлэг харьцааны талаар гомдол гаргав

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

Харгалзагчдын бүдүүлэг харьцааны талаар гомдол гаргав

“Pussy Riot” хамтлагийн дуучин бүсгүйчүүдэд ял сонсгосны дараа цагдаагийнхан тэдэнд бүдүүлэг хандджээ. Бүсгүйчүүдийг цагдаагийн олон ажилтнуудаар харгалзуулан Москвагаар зөөж айдас төрүүлэхийг хичээлээ хэмээн дуучин Мария Алехина захидалдаа бичжээ.

Оросын “Pussy Riot” панк хамтлагийн ял авсан бүсгүйчүүдийн нэг Мария Алехина тусгай албаныхан ял сонсгосны дараа тэдэнтэй бүдүүлгээр харьцсан тухай мэдэгдэв. “Хорих өрөөнд тусгай албаны ажилтан орж ирээд бүдүүлэг хараалын үг хэлж, эд зүйлээ цуглуулахыг шаардсан. Бага зэрэг хугацаа өгөөч гэсэн хүсэлтийн маань хариуд гарыг маань мушгин хүч үзүүлсэн” гэж бичсэн Алехинагийн захидал түүний өмгөөлөгч Николай Полозовын “Амьд сэтгүүл”-д нь энэ сарын 21-ны өдөр тавигдсан байна.

Ялтан болсон бүсгүйчүүдийг автобусаар Москвагаар зөөхдөө замын хөдөлгөөнийг зогсоосон тусгай зурвасаар цагдаагийн хэд хэдэн машин, автобус дагалдан явжээ. Ийм маягаар “террористууд ба хувь хүний эсрэг хэрэг хийсэн хүмүүсийг ч зөөдөггүй” гэж бүсгүй бичжээ.

“Гурван бүсгүйг зөөвөрлөхийн тулд ийм их хүч хаях нь зөвхөн тэд ямар нэгэн айдастай байгааг харуулж байна. Ийм өргөн далайцтай айдсыг харах нь гайхалтай байлаа” хэмээн уг захидалд өгүүлжээ. Одоогоор “Pussy Riot”-ийн өмгөөлөгч нар Хамовническийн шүүхийн шийдвэрийн хувийг хүлээж авсан байгаа бөгөөд 10 хоногийн дотор давж заалдах өргөдөл гаргах боломжтой.

Наймдугаар сарын 17-нд Москва хотын Хамовническийн тойргийн шүүх Мария Алехина, Надежда Толоконникова, Екатерина Самуцевич нарыг шашны үзэн ядалтын шалтгаанаар танхайрсан гэж үзэн ердийн дэглэмийн засан хүмүүжүүлэх газарт хоёр жил хорих ял эдлүүлэх болсон билээ. Аврагч Христийн сүмд бүсгүйчүүд дуу дуулсан нь бурхныг басамжилсан, сүсэгтнүүд болон лам нарыг доромжилсон гэж шүүх үзжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж