Улс төрийн дүн шинжилгээний олон улсын хүрээлэнгийн тэргүүн бөгөөд, улс төр судлаач Евгений Минченко “Орос, Германы харилцаа хүйтэрч эхэлсэн” гэж DW агентлагт ярилцлага өгөхдөө хэлжээ. “Хоёр улсын харилцаанд Герман эдийн засаг ба геополитикдаа хамтрах сонирхлынхоо бодит нөхцлийг хэтэрхий давамгай тавьж, үзэл суртлын талаар асуудал үүсгэсэн” гэж Минченко тайлбарлав. Түүний хэлснээр үүнийг нь “Pussy Riot “хамтлагийн дуучдын хэрэг нотлон харуулсан гэжээ. Аврагч Христийн сүмд дуулиантай үйлдэл хийсэн панк хамтлагийн гурван бүсгүйд хэтэрхий чанга ял оноосон нь Орос ба Европын холбооны интеграцлалд том асуудал үүсгэж магадгүй хэмээн Минченко үзэж байна. “”Их Европ” гэх нэг талаас нь Европын холбоо нөгөө талаас нь Оросоор толгойлуулсан хуучин Зөвлөлтийн орон зайн орнуудыг нэгтгэсэн төсөл нь өнөөгийн ОХУ-д байгаа энэ улс төрийн системд тохиромжтой бус байх нь ойлгомжтой” гэж улс төр судлаач мэдэгдэв. Орос-Германы харилцаа эрчимтэй байсан үед хоёр орныг ойртуулах өөр ямар нэгэн төсөл гаргаагүй гэж Минченко хэлжээ.
Хоёр орны харилцаанд завсарлага гарч ирсэн гэдэгтэй Нэгдмэл Орос намын гишүүн, Г.В. Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн дээд сургуулийн дэд захирал бөгөөд нэртэй улс төр судлаач Сергей Марков санал нэг байна. “Энэ хүлээлт нь нэгдүгээрт Орост засаг солигдсон хоёрдугаарт, Сирийн талаар санал зөрөлдөөнтэй байгаатай холбоотой. Эцэст нь евро бүсийн хямралаас болоод Герман Оросыг хайхран үзэх завгүй байгаа” гэж Марков өгүүлжээ.
Герман-Оросын харилцааны цаашдын хөгжлийн замд бий болоод байгаа бас нэг саад нь улс орон, нийгэм ба шашны хөгжлийн асуудал дахь эсрэг тэсрэг үзэл бодол болж байна. Германд “постхристийн нийгэмлэг” үүсч, шашин хүмүүсийн амьдралаас шахагдаж байна. Харин Оросын нийгэм, улс төрийн амьдралд шашны үүрэг улам нэмэгдэж буйг Марков тэмдэглэв.
“Ардчилал, хүний эрхийн зэрэг үндсэн асуудлуудаар оросуудын үзэл санаа европчуудынхтай нийлж, ихэнх асуудалд арай өөрөөр хандаж буйгаа Орос тайлбарлаж чадах уу гэдэгт л асуудлын учир утга байна. Европын холбоонд Герман нийгэм ба шашны харилцаанд асуудлыг шийдэх өөр загвар байгаа гэж ойлгох уу, эсвэл шашны үүрэг нь нийгмийн амьдралд хүний эрхийг зөрчсөн хэрэг биш хэмээн авч үзэх үү гэдэг нь тодорхойгүй байна “ хэмээн Марков ярив.
Оросын Шинжлэх ухааны академийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжлэх ухааны тэргүүлэх ажилтан бөгөөд Герман судлаач Александр Какеев хоёр орны харилцааг үнэлэхдээ, “Европын холбооны орнуудаас Герман нь Оросын хувьд чухал түнш. Энэ нь ч сайн хэрэг. Гэхдээ энэ харилцаанд шинэ зүйл огт байхгүй байгаа нь муу хэрэг” хэмээжээ. Какеевынхаар харилцаа хүйтэрсэнд хамгийн түрүүнд Орос буруутай ажээ. Орос шинэ санаа оноог ундруулагч байх ёстой атал тэр үүргээ биелүүлж чадсангүй. Шинжээч нөгөө талаасаа хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлс, иргэний нийгмийн төлөөлөгчидтэй харьцах, Оросын дотоод асуудал зэрэгт Германы байр суурь хоёрдмол байгааг шүүмжлэв. Герман Европчуудын хувьд хүлээн авах аргагүй гэсэн зүйлийг зайлуулах эсвэл зүүн хөршийнхөө дутагдлыг анхаарахгүй болох зэрэг талаар Орост шахалт үзүүлэх үү гэсэн дотоод маргаанаа эцэслэтэл хоёр орны харилцаанд зогсонги байдал үргэлжилнэ хэмээн тэрээр үзэж байна.
“Pussy Riot” хамтлагийн дуулианаас бараа эргэлтийн уналт хүртэл
Хоёр орны харилцаанд үүссэн асуудлууд эрт орой хэзээ нэгэн цагт эдийн засагт нөлөөлнө гэдэгтэй шинжээчид санал нэгдэж байгаа гэнэ. Жишээлбэл, цаг хугацааны явцад Орос улс эдийн засгийн зохицуулалтын үйл ажиллааны идэвхтэй оролцогч болно, энэ нь Германд хүлээгдсэн чөлөөт зах зээлийн загвартай таарахгүй учраас Германы ажил хэрэгч хүмүүс Орос дахь төслүүдээсээ татгалзаж эхлэнэ гэж Сергей Марков дүгнэв.
“Оросын эдийн засгийн татах чадвар аажмаар буурна. Гэхдээ энэ нь улс төрийн ямар нэгэн дэглэмтэй хамаагүй. Ер нь бол хөрөнгө оруулагчид ээлжит эдийн засгийн хямралын өмнө өөрсдийн мөнгөө эрсдэлтэй бүх газраас эргүүлэн татах болно” хэмээн Евгений Минченко өгүүлж байна. Хэдийгээр Орос, Германы хооронд “Хойд урсгал”, “Өмнөд урсгал” зэрэг төслүүд үргэлжилж байгаа ч “Эрчим хүчний эх сурвалжийг хөрөнгө ба технологиор солих” даяарчлалын наймаа нь унах байх гэсэн таамаглалыг шинжээчид дэвшүүлж байна.