Хонхор газрын “этюд” буюу жалганд үүрлэсэн хог

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

Хонхор газрын “этюд” буюу жалганд үүрлэсэн хог

“News” агентлаг нийслэлчүүддээ хог хаяхгүй байж, хотоо цэмцгэр байлгахын төлөө уриалж байгаа билээ. Тиймээс бид нийслэлчүүдийн бас нэгэн хүнд асуудал болсон хогны талаар цуврал, сурвалжлага, мэдээ, мэдээллүүдийг үргэлжлүүлэн хүргэх болно. Энэ удаад бид Баянзүрх, Сүхбаатар дүүргийн хүн ам их цугладаг газруудыг “ониллоо”.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” захын хойд талын хаалганы хавиар орших гэр хорооллын дундах замд хог хийссэн хэвээр. Гэхдээ энд “буман хогтой байсан нэг үеийг бодоход харин ч гайгүй болсон гэмээр. Гэхдээ мэдээж хэрэг шавар шавхайгаар дүүрэн байх юм.

Сүхбаатар дүүргийн 32 дугаар тойргийн шулуун замаар явахад, өнө олон жилийн өмнө л байсан түүхий эд хүлээн авах цэг болох контейнерүүд хог “цуглуулдаг”-аараа алдартай. Түүхий эд хуран цугларуулдаг энэ газарт тоос шороо, хог хаягдал “амьтай” мэт байдаг шүү дээ. Тэгвэл өнөөдөр 32 дугаар тойргийн хавиар явахад энд тэнд нэг нэгээрээ тарж, “ниссэн” жижиг хогнууд үзэгдэх. Хамгийн их хогтой байдаг газар маань харьцангуй цэвэрхэн байна шүү гэсэн бодол хэн бүхэн л ижил төрөх байсан байх. Замын салхиар дэгдэх “бяцхан” хогнуудыг эс тооцвол шүү дээ.

Гэвч цементээр хийсэн цааш ус зайлуулах жалгыг харах хүртлээ “Хог харьцангуй бага байна шүү” гэсэн бодол замхрав. Ус зайлуулах жалганы ирмэгээр хөвөөлсөн хогийг харц дагуулахуй жалганы ёроол руу эрхгүй хараа татна. Тэнд хог хэмээх дайсан харин ч нэг бултаараа байна аа. Жалганд үгүй юм гэж алга. Угаалгын машины сэг, шар айрагны шил, гялгар уут, хайрцаг, муудсан хүнсний ногоо бултаараа холилдон “найрсана”. Ажиглахад энэ хогнууд нь энд тэндээс “хийсч” ирсэн шинж алга, бөөнөөрөө “орших”-ыг бодвол эндэхийн хүмүүс хог хаягдлаа цуглуулаад ийшээ асгадаг бололтой. Уг нь ус зайлуулах суваг, жалга хогийн цэг биш баймаар. Хаана л хотойсон газар байвал тийшээ хогоо асгаж болно гэдэг сэтгэхүйтэй эрүүл орших, оршихгүйн зааг дээр хэдий болтол “бэдрэх” вэ, нийслэлчүүд бид…?




Гэрэл зургийг О.МӨНХНАСАН

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж