БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн бараалхав

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн Дай Бингуо өчигдөр бараалхав.

Уулзалтын эхэнд БНХАУ-ын ТЗГ Дай Бингуо хэлэхдээ “Таныг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлье. Саяхан Лондоны Олимпийн үеэр бид уулзаж байсан. Өнгөрсөн 6 дугаар сард болсон ШХАБ-ын дээд түвшний уулзалтад Таныг хүрэлцэн ирсэнд баяртай байгаа. Миний энэ удаагийн айлчлал маань Төрийн зөвлөлийн гишүүний маань хувьд сүүлийнх бөгөөд Монгол Улс, БНХАУ хоорондын цаашдын харилцааг хөгжүүлэх, ийнхүү хөгжүүлэхэд Та бүхэнтай санал солилцох зорилготой юм” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Энэ удаагийн таны айлчлалыг хоёр улсын харилцааны хувьд чухал айлчлал гэж үзэж байна. Монгол Улс саяхан шинэ УИХ-аа сонгон мөн шинээр Засгийн газраа байгуулаад байгаа энэ үед хоёр улсын харилцаанд харилцан ашигтай, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал цаг гэж үзэж байна. Одоогийн энэ үе бол хоёр улсын харилцааны түүхэн дэх хамгийн хамгийн сайн түвшинд хүрсэн, аливаа асуудлыг шийдэх боломж дүүрэн үе гэж бодож байна” гэв.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн үргэлжлүүлэн хэлэхдээ “Монголын нийгэм, эдийн засгийн байдал, улс төр маш их өөрчлөгдөж улам хөгжсөн байна. Ялангуяа Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн өсөлт 17 хувьд хүрсэн нь маш том амжилт. Мөн дөнгөж бүрэлдээд байгаа танай улсын шинэ парламент болон Засгийн газрын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье. Бидний хувьд Монгол Улсын олон улс дахь нөлөө, нэр хүнд өсөн дэвжиж байгаад сэтгэл хангалуун байдаг. БНХАУ нь 4700 км буюу хамгийн урт хилийн зурвасаар Монгол Улстай хиллэдэг, энэ ч үүднээсээ БНХАУ нь Монгол Улсыг цаг ямагт гадаад бодлогодоо чухалчлан танай улсын бүрэн эрхт тусгаар тогтносон байдлаг туйлын ихээр хүндэтгэж байдаг юм. Хоёр улсын хооронд худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаад баяртай байна. Бид энэхүү сайн хөршийн харицлаагаа цаашид улам бүр хөгжүүлэн хамгаалж байхыг чухалчилдаг. Хоёр улсын хооронд дипломат харицлаа тогтоогоод 60 гаруй жилийн нүүрийг үзлээ. Бидний хувьд Монгол Улсын дотоод хэрэгт оролцохгүй байхыг танай улстай харилцах гадаад бодлогынхоо чухал хэсэг хэмээн үздэг” гэв.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Таны хэлсэн зүйлтэй санал нэг байна. Хамгийн чухал зүйл бол хоёр хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа гэдэгтэй би ижил байр суурьтай байна. БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг онцлон хэлье.

Манай хоёр орны хувьд харилцаа сайн байгаа нь асуудал шийднэ гэсэн үг. Харилцан ашигтай хамтран ажиллана гэдэг нь аль аль талдаа ашигтай байдлыг илэрхийлж байна гэж ойлгож байгаа. Тухайлбал ОХУ, БНХАУ-ын хооронд хийн хоолой тавихад хамгийн дөт зам нь Монголын нутгаар дамжин өнгөрч байгаа. Дээрх төсөл дээр Монгол Улс хариуцлагатай хамтрагч, түнш байх боломжтой. Манай хоёр орны хувьд дэлхий дахинд тулгамдаад буй эдийн загсийн хямралаас гарахын тулд хамтран ажиллах шаардлагатай. Мэдээж үүний тулд хөрөнгө оруулалтыг татах тал дээр идэвхитэй хамтран ажиллах хэрэгтэй гэж үзэж байна. Хөрөнгө оруулалтыг татах нь аль нэг орны эрх ашигт харшлах зүйл биш гэж үзэж байгаа” хэмээв.

Дараа нь талууд Монгол Хятад хоёр улсын олон үеийн түүх соёлын харилцааны талаар санал солилцсон бөгөөд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүний Ерөнхийлөгчид бараалхсан уулзалт ийнхүү өндөрлөсөн юм.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж