Дээрх зургуудийг нэгэн твиттерч даржээ. Энэ бол Архангай аймгийн Чулуутын хавцлын ойролцоох Зуун салаа мод. Эхний кадрыг нь 2007 онд, дараагийн кадрыг саяхан авсан гэнэ. Тэрээр “Хүмүүс тахиж шүтэж байгаа нь энэ гэж хадаг яндар уяж, арц хүж уугиулж байгаад шатаачихжээ. Хэлэх үг олдохгүй юм даа” хэмээн халаглажээ. Хадаг ховор цагт уул усаа шүтэж, ээж аавдаа өргөн барьж буй мэт бэлгэдэн модонд хадаг уях ёс бий болсон гэдэг. Гэтэл ховор байсан хадаг олдоц ихтэй болж, шүтэж дээдэлдэг модод л хадганд дарагдав. Хадагнаас гадна шүтэх модод ч олшрох нь тэр.
Шүтэж дээдлэх сэтгэлд бурууг өгөх гэсэнгүй. Угтаа бол ингэж модод хадганд дарагдах нь ямар нэг хор хохиролгүй бол хэн ч үүнийг хөндөхгүй.
Хамгийн эхэнд ийнхүү баглуулсан модны ургалт зогсож, амьсгал нь боогддож эхэлдэг байна. Мөн хадаг, хийморийн дарцгаа тогтоох гэж багласан утас нь мод бүдүүрэх тусам чангарч дотогш “багалзуурдсаар” өнөөх модны үхжиж эхлэх шалтгаан болдог аж.
Энэхүү Чулуутын хавцлын Зуун салаат мод шатсан шалтгаан нь мөн л тос, буртагаар дүүрсэн хадагнууд байсан бөгөөд наалдсан тос, шүдэнз, арц хүжний галаас болж шатсан ийм хувь тавилан ганц энэ модонд л тохиолдоогүй нь ойлгомжтой. Гэвч ийн шатсан моддыг аянганд ниргүүлсэн мэтээр тайлбарладаг нь өөрсдөөс бурууг зайлуулдаг зан биз.
Энэ модонд өмнө ирж байсан хүмүүс “Энэ модны зурамнууд их хөөрхөн. Өргөх гэж ирсэн идээ будаанд дуртай. Чихэр боовыг хүүхдүүдийн гараас иддэг байсан юм” гэж дурсах аж.
Моддыг шүтэхдээ амийг нь хороох зүйл хийхгүй юм сан гэсэн сэтгэлтэй л баймаарсан. Хадаг олондож, сэтгэл ховордсон гэдэг үнэн бололтой.