Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

Нэг хэсэг юу хийхээ мэдэхгүй, хийж шалисан ч юмгүй сайд гэсэн нэр зүүгээд “Зүгээр”-ийг хийгээд явдаг байсан бол аятайхан шиг бизнес бодож олоод төр засгийн бодлого нэрээр дэмжүүлж, түлхүүлэх сайд дарга нарын боловсон арга моодонд орсон. Үүний тод жишээ бол Кембрижийн гэх тодотголтой бизнес. Намын бодлого нэрээр явагддаг ийм төрлийн бизнес нь үндсэн хоёр хүчин зүйлд тулгуурладаг. Нэг талаас олон улсын жишиг, дэлхийн стандарт гэх тив дэлхийн нэрийг барьж  сүрийг  бадруулах явдал байдаг бол нөгөө талаар “Юм хийж буй нэгнийгээ шүүмжилж суухын оронд дэмжих ёстой” гэсэн урам зориг өгөөд байгаа юм шиг хирнээ цаагуураа хорлонтой, нөгөө л аливаа юманд там түм, таамаг сургаар  ханддаг хүмүүсийн хандлага бидэнд тус болохоосоо ус болох нь их. Дэлхийн жишиг болсон Кембрижийн боловсролын стандартыг монголд нэвтрүүлсэн талаар сайд асан Отгонбаяр саяхнаас хэвлэл мэдээллээр  маш эрчимтэй ярьж эхлэв бололтой.

Уг нь өнгөрсөн дөрвөн жилд боловсролын яамны ажилд онцын өөрчлөлт гараагүйсэн дээ, нөгөө л нууцлаг тушаал шийдвэрүүд хөвөрдөгөөрөө хөвөрч, учир битүүлэг төсөл төлөвлөгөөнүүд ч сэм сэм яригддагаараа яригдаж, нүд гараа салгахын аргагүй тендэрүүд шил шилээ даран яамныхны зав чөлөөгүйгээрээ гайхуулах нь хэвээрээ, ер нь бүх юм яг хуучнаараа л байсан. Боловсролын шинэчлэл гэсэн бизинесээ үнэмшилтэй болгох гэж улайрах Отгонбаяр сайдын жинхэнэ хийж амжуулсан ажил гэвэл УИХ-ын гишүүн болох явдал байсан гэвэл түүнийг мэдэх бүхэн надтай хамт санал нэг толгой дохих биз ээ. Дөрвөн жилийн турш өвөл зунгүй Булган явж, айл хунараар хэсч айлын нохойд ч танигдах болсон түүний уйгагүй  чармайлтын нь үр дүн нь тийнхүү УИХ гишүүн болсон явдал юм. Гэхдээ тэр ганцаараа ингэж явсан биш бүх нэр дэвшигчид л ингэдэг хойно доо. Дэлхийн стандарт, олон улсын стандарт гэсэн нэр сүрэн дээр үндэсний онцлог гэсэн нэр зүүж дархлаажуулах бизнест тэрээр нилээд гаршсан нэгэн. Гэхдээ “Интернеттэй автобус” гэх мэт үндэсний онцлог нэхээд байдаггүй түүнээс ч амар хялбар бизнес манайд зөндөө олон. Иймэрхүү бизнес ерөнхийдөө манай яам тамгын газаруудад аль хэдийнээ дэлгэрч нэгээс нөгөөд туршлага болон цэцэглэсээр байгаа.

Олон улсын жишиг+Үндэсний онцлог

/Хараа хяналт, айдас хүйдэсгүй  аяюулгүйн орчинд юуг ч бодож олоод хийж болох ногоон гэрлийн бизнес/

Хоцрогдож доройтсон монголын боловсролд зөвхөн Кембриж гэх чамин нэр л хонгилын үзүүрт гэрэл асаана. Чухамдаа юу болоод байгаагийн учир явдлыг мэдэх хүнгүй хий дэмий л нэг нэгнээсээ Кембрижийн боловсрол гэж чухам юу яригдаад буйг асууж лавласаар боловсролынхон дөрвөн жилийн нүүр үзэв. Угтаа ийм хэлбэрийн өөрчлөлт шинэчлэлээс боловсролын салбар залхаж байгаа. Нэг хэсэг “Данида” гэж шуурсан дараа нь “Жайка”-гүй юм байхгүй болсон одоо тэгээд “Кембриж”-ээр солигдож байгаа нь энэ. Чухам юу болоод өнгөрснийг мэдмээр байна. Тодорхой бус юм ярьсаар, тойрч зугтаасаар өдий хүргэсэн  Отгонбаяр сайдыгаа барьж аваад урдаа суулгаж байгаад нэг удаа ч гэсэн нийтийн өмнө “Кембриж”-ий нь сайн яриулж авбал лавлаж асуух зүйл ч их гарна даа. Дөрвөн жилийн турш асууж чадаагүй, хариулт ч олоогүй өч төчнөөн асуудал овоолгоотой байгаа.  Бүхэл бүтэн улс орны боловсролын салбарын өөрчлөлт шинэчлэл гэдэг хий үзэгдэл шиг ийм тодорхойгүй байдалд явж болох уу? Отгонбаяр сайдын дураараа дургиж боловсролоор тоглож явсан энэ явцгүй үйлдлээсээ мултрах цорын ганц арга зам бол одоо дараачийн засгийн газарт үүнийгээ итгэл үнэмшилтэйгээр хүлээлгэн өгөөд бултах явдал юм. Улс орноо бодсон гэж тэр мэлзэж магадгүй тэгвэл түүний хийсэн ажлын талаар дараах асуудлаар харилцан ярилцах МҮОНТ-ээр нээлттэй нэвтрүүлэг хийхийг санал болгож байна. Сайд хүн хийсэн ажилдаа эзэн болж олон нийттэй нээлттэй ярилцах ёстой. Жишээ болгож дараах асуудлаас эхэлье!

ҮҮНД:  

  •  Олон улсын жишиг гэж чухам юу болох, манай боловсролын чанар чансаа аль хирд  нь яваа  талаар,
  • “Монгол хүн” хөгжлийн хөтөлбөр Кембрижийн гэх бодлоготой хэрхэн уялдаж буй,
  • Шинэчлэлийн бодлого хэдэн настай хүүхдээс эхэлж явагдаж буй, яагаад,
  • “Кембриж”- ийн шинэчлэлийн бодлогод боловсрол, хүмүүжил гэсэн ойлголтууд хэрхэн яаж тусав,
  • Хот хөдөөгийн ялгаатай амьдрал Кембрижийн гэгдэх шинэчлэлийн бодлогод хэрхэн туссан  
  • 2010-2019 оны хооронд явагдах энэхүү “Кембриж”-ийн шинэчлэлийн нарийвчилсан төлөвлөгөөг хаанаас олж үзэх,
  • Одоо нэгэнт эхлүүлчхээд нийтээр мөрдөж буй гэгдэх ямар хичээлийн агуулга, хөтөлбөр болон сурах бичгүүд байдаг түүнийг хэрэгжиж буйтай танилцах боломж нөхцөл,
  • Энэхүү шинэчлэлийн бодлогод хамрагдаж буй багш сурагчдыг ямар журмаар оролцуулдаг талаар, 
  • Бодлого хэрэгжих үүднээс эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт хандаж хийгдэж байгаа мөн багш бэлтгэх тогтолцооны чиглэлээр,
  • Сургалтын чанар, дэлхийд өрсөлдөх чадварын баталгааг хангах суурь нөхцөл одоо манайд нэгэнт бүрдчихээд байгаа талаар сайдын удаа дараагийн мэдэгдлийг чухам ямар үзүүлэлтээр тодорхойлсон, 
  • Тухайлбал манай ямар багш эрдэмтэн, профессорууд  Кембрижийн гэгдэх шинэчлэлийн юуг нь яаж дэмжиж буй талаар, 
  • Ардчилсан төр засгийн бодлого дээрээс гарч байх ёстой юу эсвэл доороос гарах учир шалтгаантай юу, 
  • Нэгэнт ганцаараа дур мэдэж эхлүүлсэн Кембрижийн шинэчлэлийн бодлого дараачийн засгийн газраас дэмжлэг авахгүй тохиолдолд ямар байдал үүсэх, эндээс үүдэх хариуцлагыг сайд өөрөө хариуцах уу?…

Р.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж