-Цэцэрлэгүүд “сурагчдаа” бүртгэж эхэллээ. Харин цэцэрлэгийн хүрэлцээ муу байгааг далимдуулж эрхлэгч, багш нар хүүхдүүүдийг бүртгэхдээ хандив нэрийн дор 100-150 мянган төгрөгийг эцэг, эхчүүдээс авч байна. Боловсролын салбарт бугшсан энэ мэт авлигатай ямар аргаар тэмцэнэ гэж та бодож байна вэ, үүнд яамнаас хяналт тавих боломжтой юу?
-Дунд сургууль, цэцэрлэгийн багш, эрхлэгч нарт хандсан авлигаас ангид байх илгээлтийг маргааш /өнөөдөр/ хүргүүлнэ. Хэрвээ эцэг, эхчүүдээс хандив нэрээр мөнгө эд зүйл авсан, эс бөгөөс арын хаалга хэрэглэсэн гомдол гарах юм бол таны ажлын байртай ярина шүү гэсэн мэдэгдэл хүргүүлнэ. Нэг зүйлийг яаралтай эхлүүлэхийг бодож байна. Тэгэхдээ жаахан судалгаа хэрэгтэй, ярилцах ёстой болж байгаа. Жишээлбэл, багш сурагчдаасаа бэлэг авдаг байдлыг бүр зогсоох ёстой. Энгийн жишээ татъя л даа, цэцэг бол бэлгийн нэг хэлбэр мөн үү мөн. Цэцэгний үнэ ямар байгаа билээ, хамгийн багадаа 15 мянган төгрөг. Амьдралын боломжтой айлынх нь хүүхэд 30 мянган төгрөгийн цэцэг авч багшдаа бэлэглэдэг бол аав, ээж нь гадаадад амьдардаг ч юм уу, асран халамжлагч нь мөнгөгүй байгаа тохиолдолд тухайн хүүхэд багшдаа огт цэцэггүй, бэлэггүй очдог. Бэлэггүй, цэцэггүй очсон хүүхдийг ад үзнэ, улмаар хүүхэд өөрөө гомдоно гэмшинэ. Зургаан настайгаас нь хүүхдийг эвдэх ийм үзэгдэл байж болох уу, болохгүй шүү дээ. Яамны зүгээс өнөөдөр багш нартай холбоо барьж байна. Та бүхэн цэцэг авахгүйгээр хичээлийн шинэ жил эхлүүлж болдоггүй юм уу, энэ тохиолдолд ямар сөрөг үзэгдэл гарах юм бэ. Уламжлал юм уу, хэв загвар юм уу эс бөгөөс хүндэтгэл юм уу гэж… Аль нь вэ гэдэг харагдахгүй л байгаа л даа.
-Гэхдээ хичээлийн шинэ жилийн нээлт бүрт сурагчид багшдаа дор хаяж цэцгийн баглаатай очихыг боддог уламжлал тогтчихоод байна шүү дээ?
-Ийм буруу жишгийг үгүй болгох ёстой, үнэхээр багшийг хүндэтгэе гэж байгаа бол ангийн эцэг, эхийн зөвлөлөөс зориулаад цэцэг авч өгч болно. Энэ тохиолдолд жинхэнэ хүндэтгэл болно. Түүнээс хүүхэд бүр цэцэг, чихрийн цуглуулга бариад гүйнэ гэдэг бол их буруу зүйл, авлигын анхны суурь. Ойрын үед энэ асуудлыг ярина.
Хоёрдугаарт, Боловсролын сайдын хувьд сургууль, цэцэрлэг, их, дээд сургуульд архи, дарс хэрэглэхийг хатуу хориглоно. Захирал, эрхлэгч, багш нарын өрөөнд ч адил хориотой. Бид боловсролын салбартаа хандсан хяналтын бүтэцтэй болно. Энэ хүрээнд Боловсролын хяналтын хороо бий болчихоор сургууль, цэцэрлэгүүд рүү байнгын зайны хяналт тавьж ажиллах боломжтой болно. Газар дээрх хяналтаа хааяа хийнэ гэсэн үг. Гэхдээ зайны хяналтаараа дамжуулаад багш нарын ёс зүйн дүрэм, сургууль, цэцэрлэгийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн ёс зүйн дүрэмтэй холбоотой баримтлах зарчмыг тодорхой болгоно гэсэн санал авлигыг бууруулах саналд бий. Гуравдугаарт, сургуулийн захирлууд, боловсролын салбарт ажиллаж байгаа бүх хүмүүсийн чиг үүргийг тодорхой болгоно. Хүн бүр өөр, өөрийн үүрэгтэй болно, тэр үүргээ биелүүлэхийн төлөө ажиллана гэсэн гурван зүйлийг авлигыг алга болгохтой холбоотой санал дэвшүүлнэ. Одоо бол авлигын индексээрээ боловсролын салбар толгой цохиж байна. Энэ байдал ойрын хоёр, гурван жилд буурахгүй бол бидний хүсдэг, боддог хамгийн том гэгээлэг гээд байгаа салбар маань хамгийн муу муухай юмны эхлэл байж яавч таарахгүй.
-Кембрижийн хөтөлбөрийг Монголын ерөнхий боловсролын дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт нутагшуулна гэж өнгөрсөн хугацаанд өмнөх Засгийн газар нэлээд ажил зохион байгуулсан. Гэвч араасаа шүүмжлэл дагуулсаар байгаа. Боловсролын сайдын хувьд та эл хөтөлбөрт ямар бодолтой байдаг вэ, хөтөлбөрийг үргэлжлүүлэх үү, эсвэл?
-Кембрижийн их сургуулийн арга зүйн зөвлөгөө туслалцаа стандарт хөтөлбөрийг Монголд нийлүүлэхтэй холбоотой ажил Монголын боловсролын агуулгыг өндөр төвшинд хүргэх, дэлхийд өрсөлдөх боломжтой болгох зэрэг олон хийх ёстой ажлуудын нэг хэсэг л гэж ойлгох хэрэгтэй. Энэ бол Монголын боловсролын системийн боловсролын стандартыг ялангуяа арга зүй талаасаа хүүхдэд яаж хичээл заах вэ гэдэг үндэсний стандартыг бий болгоход нэмэр болох дэмжлэг гэж харж байгаа. Мэдээж ганцхан Кембрижийн арга зүй дээр биш дэлхий дээр байгаа хамгийн шилдэг арга зүйг Монголдоо нэвтрүүлээд хүүхэд бүр анхаарлын төвд байдаг арга зүйн шинэ үндэсний системтэй болох нь чухал. Өөрөөр хэлбэл, боловсролын салбар гэж хиймэл том байгууллагын тухай ярих биш, тодорхой хүний тухай ярина гэсэн үг. Өнөөдөр маш олон хүүхэд их, дээд сургуульд суралцах эрхийн бичгийг авлаа, хүүхэд бүрийг нэрээр нь дуудаж батламжийг гардуулсан шиг монгол хүүхэд болгоны нэрээр хөгжлийн хөтөлбөрийн програм гардаг ийм систем рүү шилжихийг хүсч байна. Ийм систем рүү шилжих боломж бол бидэнд байна.
-Яаж тэр вэ, нэг багшид ногдох хүүхдийн тоо хэтэрхий олон гэж ярьдаг шүү дээ. Энэ тохиолдолд чадах уу?
-Би харин ч эсрэг бодол тээдэг хүн шүү. Яагаад гэвэл нэг сургуульд оногдож байгаа хүүхдийн тоо бол цөөхөн. Жишээ татья л даа, нэг захиралд 1000-2000 хүртэл сурагч ногддог. Гэтэл нэг өрхийн эмнэлгийн эмчид 2000 хол давсан өвчтөн байгаа. Харин тэр захирал бараг 100 шахам ажилтантай, багш бусад ажилтнууд нь нийлээд л дээ. Нөгөө өрхийн эмч нэг сувилагчтай л байдаг. Тэгэхээр бололцоотой нь харагдаж байгаа. Хамгийн гол нь хүүхэд болгонтой ярилцдаг, ойлголцдог, тодорхой хөтөлбөр зохиох ёстой. Дээр нь эцэг, эхчүүд хүүхдийнхээ авьяасыг нь нээж, чадварыг нь хөгжүүлэхэд хамт байдаг байх. Нэг зүйлийг хэлэхэд, боловсролын салбар үнэхээр амин чухал зүйл бол эцэг, эхчүүдийн оролцоо. Эцэг, эхчүүд та бүхэн долоо хоногт нэг удаа энэ салбарын үйл ажиллагаанд оролцоорой л гэж хэлмээр байна. Эцэг, эхчүүд хүүхдээ сургуулиар нь дамжуулаад нийгэмшүүлэх үйл ажиллагаанд оролцох хэрэгтэй. Цаашдаа эцэг, эхийн оролцоотой сургуулийн удирдлагын менежмэнт бий болгоно гэх мэтээр хөврөөд рефрормын шинжтэй шинэчлэлүүд хийгдэнэ. Суурь нь хүүхэд, хүүхэд нэг бүр байх юм шүү дээ.
-Гэхдээ манайд зовлон багагүй байна шүү дээ. Улсынх нь цэцэрлэг олдохгүй хувийн цэцэрлэгт хүүхдээ сургая гэхээр тодорхой хөтөлбөр байдаггүй. Ийм цэцэрлэгт сурсан хүүхэд гариг байтугай өнгө ч ялгаж мэддэггүй гэж эцэг, эхчүүд шүүмжилдэг. Хувийн цэцэрлэгүүдийн сургалтын хөтөлбөрийг чанаржуулахад ямар арга хэмжээ авах ёстой гэж та боддог вэ?
-Улсын хөрөнгө оруулалттэй цэцэрлэг бол нийслэлийн хүүхдүүдийн 60 хувиас илүүг авч чадахгүй байгаа. Тэгэхээр бид ойрын 2-3 жилд сургуулийн өмнөх насны хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах чиглэлээр ажиллая гэвэл хувийн хөрөнгө оруулалтыг дэмжээд татан оруулахаас өөр арга байхгүй. Хувийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг байгуулаад явахаар хүндрэлтэй асуудлууд гарна. Тодорхой стандарт, шаардлага тавигдахаар түүнийг нь хангаж чадахгүй байх гэх мэт… Тэгэхдээ үүнд уян хатан хандана. Ямар ч байсан бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах нь нэн тэргүүний тулгамдсан асуудал. Дараагийн алхам нь шаардлага хангасан цэцэрлэгийн төвшинд хүргэхэд төр засгаас туслах ёстой л гэж ойлгож байгаа.
-Өнгөрсөн долоо хоногт хувийн хэвшлийн их, дээд сургуулийн удирдлага тантай уулзах үеэрээ “Багш нарынхаа цалинг нэмэгдүүлэхийн тулд сургалтын төлбөрийг 60 хүртэл хувиар нэмэх шаардлага байна” гэж хэлсэн. Хэр үндэслэлтэй шаардлага гэж та хувьдаа бодож байгаа вэ?
-Ирэх ням гаригт их, дээд сургуулиудын санхүү хариуцсан захирлуудтай ярилцана, санхүүгийн баримт бичигтэй нь танилцана. Тэндээс дүгнэлтүүд харагдах байх. Ер нь хувийн хэвшилд ажиллаж байгаа багш хэдэн төгрөгийн цалин авч байгаа, сургалтын төлбөрийг нэмсэн тохиолдолд хэд болж нэмэгдэх, Монголын төрийн албан хаагчдын аль зэрэглэлийнх нь цалинг аваад байна вэ. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэнгүүт хувийн хэвшлийн багш нарын цалинг бас өсгөх ёстой гээд байгаа нь барьцалдах шалтгаан мөн үү, биш үү гэдэгт тэр бүгдэд дүгнэлт гаргая л гэж бодож байна. Тэгэхдээ бид их, дээд сургуулийнхаа сургалтын чанар, орчныг унагачихгүй, нөгөө талдаа оюутнууд нь сургалтын төлбөрийн дарамтад орчихгүй байх зөв харилцааг бий болгож явахгүй бол болохгүй болчихоод байна. Энэ бол салбараа өмөөрөөд хэлж байгаа хүний үг биш, монголчуудын хувьд их, дээд сургууль төгсч байгаа хүмүүс чадалтай чансаатай боловсон хүчин болж бэлтгэгдэж чадаж байх юм уу үгүй юм уу. Төлж байгаа төлбөр нь авч байгаа үйлчилгээтэй нь нийцэж байна уу гээд маш судалгаатай хийгдэх ажил юм аа л гэж хэлэх байна.
-Сургалтын төлбөрийг яг хэдэн хувь хүртэл нэмэгдүүлэх бололцоотой гэж үзэж байгаа вэ?
-Сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх чиглэлийг их, дээд сургуулийн консерциумын удирдлагад өгсөн. Их, дээд сургуулийн консерциумын удирдлага бол энэ хичээлийн жилийн сургалтын төлбөрийг аль болох нэмэхгүй байх. Аль болох нэмэхгүй байх гэдэг тодотгол дотор 10 хувиас илүү нэмэхгүй ээ гэсэн харилцан ойлголцлыг бий болгоод ажиллаж байгаа. Мэдээж хэрэг их, дээд сургуулиуд дээр хөрөнгө оруулалтын чиглэлээр, дээр нь урсгал зардалтай холбоотой нэмэгдэл санхүүгийн эх үүсвэр шаардагдаж байгаа. Энэ эх үүсвэртэй холбоотой асуудлыг энэ ням гаригт санхүүгийн албадуудыг цуглуулаад тал талаасаа ярилцана. Шаардлагатай зардал байх юм бол Засгийн газарт танилцуулж ямар арга замаар шийдвэрлэх тухай ярилцана гэж бодож байна.
-Яамнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэлгүй 10-аас дээш хувиар сургалтын төлбөрөө нэмсэн сургуулийн удирдлагад ямар хариуцлага хүлээлгэх вэ. Яамнаас тэр дундаа сайдын тушаал гардаг ч төрийн өмчийн сургуулиуд хүртэл түүнийг нь зөрчдөг шүү дээ?
-Төр бол өөрийнхөө сургуулиудыг удирдана. Наад захын жишээ гэвэл сургалтын төлбөрөө 10-аас дээш хувиар нэмбэл Удирдах зөвлөл болоод дарга нарыг нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах бүрэн боломжтой. Нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй, хоёр, гурав, дөрөвдүгээр дамжаанд элсэн суралцах оюутны сургалтын төлбөр нэмэгдэхгүй. Зөвхөн нэгдүгээр дамжаанд элсэн суралцах оюутнуудын төлбөр нэмэгдэх эсэх тухай яригдаж байгаа. Нэгдүгээр дамжаанд суралцах оюутнуудын тухайд хавар элсэлт авахад мөрдөж байсан сургалтын төлбөрийн үнэ хөдлөх ёсгүй гэсэн байр суурийг Боловсролын яам илэрхийлж байгаа. Гэхдээ бие даагаад үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулиудын хувьд санхүүгийн байдал нь хүндэрсэн учраас ямар ч тохиолдолд санхүүгийнхээ асуудлыг урагшаа явуулахын тулд ямар алхам хиймээр байна гэдгийг нарийвчлан тогтоох албан ёсны шаардлага тавьж байгаа. Тийм учраас бид аль болох төлбөрийг хөдөлгөхгүй, нэмэхгүй ажиллаарай гэсэн чиглэл өгч байгаа. Нэмлээ гэхэд 10-аас дээш хувиар нэмж болохгүй шүү гэдэг мэдэгдэл хүргүүлж байна.
-Төрийн өмчийн сургуульд хяналт тавьж болж байна, харин хувийнх яах бол оо. Ялангуяа хувийн дунд сургуулийн сургалтын төлбөр их, дээд сургуулийнхаас давж байна гэж яригдах юм?
-Сүүлийн үед энэ тухай маш хүчтэй яригдаж байна. Энэ асуудлыг хувийн сургуулиуд, цэцэрлэгүүдийн холбоодыг урьж ярилцаад тодорхой шийдэл гаргаж болох байх гэж найдаж байна.
-Ноднин оюутны сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянган төгрөг өгч байсан, энэ жил иймэрхүү хөнгөлөлт бий юу?
-Зээлийн хөнгөлөлт байгаа. Нэг үгээр хэлбэл, Сургалтын төрийн сангаас зээл авна, нарийн тоо хэлэх юм бол 6535 хүүхэд хамрагдах боломжтой байгаа. Сургууль бүрт тодорхой квот өгсөн байгаа. Үүнд нэн ядуу, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүүхдүүд хамрагдана гэж ойлгох хэрэгтэй.
– Зарим хувийн дээд сургуулиуд оюутнуудад сар тутамд олгодог 70 мянган төгрөгийг олгохгүй 2-3 сараар хоцроосон гэдэг мэдээлэл гарч байсан. Нэг ёсны сургуулийнхаа дансанд байршуулж, оюутнууддаа олгохгүй өөр зүйлд эргэлдүүлэх замаар. Үүнд хяналт тавих боломжтой юу?
-Ямар ч байсан тийм алдаа завхарлыг дахиж гаргахгүй байх хяналтыг тавьж ажиллана гэж бодож байна.
-Улсын хэмжээнд сургуулийн засварын ажил хэдэн хувьтай байгаа вэ?
-Мэдээлэл авахад 95 хувьтай байна гэсэн.