Хөгжлийн банк өдөрт 98 мянган ам.долларын хүү төлдөг гэвэл түүнийг 30 хоногоор үржүүлэхэд сардаа хоёр сая, 940 мянган ам.доллар, төгрөгт хөрвүүлбэл сард бараг дөрвөн тэрбум төгрөгийг ING, “Deutsche”, HSBC зэрэг олон улсын банкинд зүгээр л өгчихөж байна. Харамсалтай нь, зээлсэн мөнгөө хөдөлгөсөн ч юмгүй эргүүлээд зээлийн хүүдээ өгсөөр. Адгийн тэнэг зээлээр авсан мөнгөө авдартаа хадгалаад буцаагаад хүү болгоод дуусгахгүй байсан биз. Сарын хоёр сая, 940 мянган ам.долларыг өнгөрсөн таван сар төлсөн гэвэл 14 сая гаруй ам.долларыг зүгээр л хаячихсан хэрэг шүү дээ.
Энэ мөнгөөр юу хийж болох вэ. Авто зам тавьж, сургууль цэцэрлэг барьж, орон сууцны төслийг санхүүжлэх , газрын тосны үйлдвэр барих гээд хэрэвзээ ажил хийж, улс орноо хөгжүүлэхийг хүссэн л бол уг мөнгийг юунд ч зарцуулж болох байлаа. Гэтэл туршлагатай, мэдлэгтэй гээд байсан Өмнөд Солонгосын Хөгжлийн банкнаас томилогдон ажиллаж байгаа баг эмзэг эдийн засагтай Монгол орны хөгжлийг хөшүүрэгдэх талаар олигтойхон ажил хийж чадахгүй суугааг юу гэхэв. Ингэхэд эдний хэрэг Монголд байгаа ч юм уу даа, бүү мэд. Чухамхүү яагаад Өмнөд Солонгосын Хөгжлийн банкийг сонгосон шалтгаанаа тухай үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан, өдгөө Үндсэн хуулийн цэцийн гишүүн болчихоод байгаа Д.Сугар тухайн үед “БНСУ-ын Хөгжлийн банк нь дайнд сүйдэж дэлхийн хамгийн ядуу буурай оронд тооцогдож байсан Солонгос улсыг хагас зуун жил хүрэхгүй хугацаанд дэлхийд тэргүүлэх эдийн засагтай орнуудын хэмжээнд хүргэхэд чухал үүргийг гүйцэтгэсэн” гэж тайлбарлаж байсан билээ. Харин тэд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийг шагшруулаад авсан Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө ямар бодлого, чиглэл баримталж ажиллаж байгаа нь тодорхойгүй, хэвлэлийнхнээс хол зайгаа барьсан нэг л нууцлагдмал улс байх юм.
Монгол Улсын Хөгжлийн банк нийтдээ 26 томоохон төслийг хэрэгжүүлэхээр амлалт авсан. Төмөр замын салбарт гэхэд нийтдээ таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа бол Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор барихад 8,2 тэрбум ам.долларын санхүүжилт хийх шаардлагатай байгаа гэнэ. Мөн Тавантолгой, Оюутолгойн ордыг цахилгаан, эрчим хүчээр хангах эрчим хүчний эх үүсвэр барихад 3,2 тэрбум ам.доллар, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 18,2 их наяд төгрөг гээд тоочвол Хөгжлийн банк нэг өдрийг ч зүгээр өнгөрөөлгүй, нэг мөнгийг ч зүгээр хаялгүй ажилламаар байх юм. Аль эсвэл Монгол Улс Султан хаан шиг сул мөнгө цацах хэмжээний баян болчихсон хэрэг үү.