Төв банкууд дэлхийг аварч чадахгүй

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Төв банкууд дэлхийг аварч чадахгүй

Гадаадын сонин, хэвлэлд гарсан эдийн засгийн мэдээллийг Монголбанк тоймлон явуулсныг хүргэе.

Файнаншл Пост: Энэ удаа төв банкууд дэлхийг аварч чадахгүй
(Мохамед Эль-Ериан)

2012 оны 8-р сарын 6, Даваа гариг

Өнгөрсөн 7 хоногт Англи, Европ болон Холбооны Нөөцийн төв банкуудын төлөөлөл уулзаж, эдийн засгийг идэвхжүүлэх нэмэлт арга хэмжээ шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн боловч тэдгээрийг тодорхойлж чадсангүй. Төв банкирууд болон улс төрчдийн амлалт хувьцаа, бондын арилжааг эрс идэвхжүүлсэн үе бий. Шаардлага гарвал зүгээр суухгүй хэмээн төв банкууд амласан тул зах зээл ч үймж сандарсангүй. Энгийн түүх нь гэвэл энэ. Гэвч энэ түүх нэгэн чухал зүйлийг эс өгүүлнэ. Тэр нь юу вэ гэвэл төв банкууд 2008-2009 он шиг энэ удаа дэлхийн эдийн засгийг аварч чадахгүйд гашуун үнэн оршино. Үнэндээ энэ удаа төрийн өөр агентлагуудын оролцох цаг нь болсон байна.

Өнгөрсөн 7 хоногт төв банкууд биднийг яагаад ийм их гонсойлгов? Би бодохдоо тэд бусад бодлого боловсруулагчдыг шахаж нойрноос сэрээхийг хүссэн болов уу. Үүний сацуу мөнгөний бодлогын арга хэрэгслүүдийн үр нөлөө өдөр ирэх тусам суларч буйг төв банкирууд анхаарахгүй байж болохгүй байна. Үүнийг баталж буй мэт Европын Төв банкны ерөнхийлөгч Марио Драги “Төв банк засгийн газрыг орлож чадахгүй шүү дээ” хэмээн хэлжээ. Бас нэг тайлбар нь төв банкирууд үлдсэн цөөн арга хэрэгслээ авч үлдэх талаар ч санаа зовж байгаад оршиж байх шиг байна.
 
CFR: Хятадын эдийн засаг саарч байна

Хятадын ДНБ энэ оны 7-р сард дөнгөж 7.6 хувиар өссөн нь 2009 оны хямралаас хойш хамгийн доогуур үзүүлэлт болохоор байна. Үүнтэй зэрэгцээд ОУВС Хятадын ДНБ-ний таамаглалыг 0.2 нэгж хувиар бууруулан 8 хувь болгов. Хятадын эдийн засгийн нөхцөл байдалд өмнө нь Евро бүсийн хямрал зэрэг гадаад хүчин зүйлс сөргөөр нөлөөлж байсан бол энэ удаа эдийн засгийн бүтцийн асуудлууд (тухайлбал дотоодын сул эрэлт) нөлөөлж байгааг Цинхуа Их cургуулийн Патрик Чованек онцоллоо. “Дэлхийн санхүүгийн хямралыг сөрөх хүрээнд хөрөнгө оруулалтыг огцом нэмэгдүүлсэн ба энэ нь сүүүлийн хэдэн жилийн эдийн засгийн өсөлтийг тодорхойлсон юм” гэж Чованек хэлээд цааш нь “харин одоо энэ хөрөнгө оруулалт өөрийнхөө жиндээ дарагдах аюултай болсон байна” хэмээн тайлбарлав.
 
STRATFOR: Санхүүгийн захууд, улс төр болон шинэ нөхцөл байдал
(Жорж Фридман)

Луй Бэкон бол Moore Capital Management хэмээх дэлхийн нөлөө бүхий хэдж сангийн тэргүүн юм. Өнгөрсөн 7 хоногт тэрбээр тус сангийн ¼ буюу 2 тэрбум ам. долларыг хөрөнгө оруулагчдад буцаан олгож байгаагаа мэдэгджээ. Шалтгааныг нь The New York Times сонинд тайлбарлахдаа “Европын нөхцөл байдлыг таахын аргагүй болоод байна, ийм нөхцөлд хөрөнгө оруулах хэцүү” гэжээ. Тэрбээр цааш нь “Хоёрдугаар дэлхийн дайнаас хойш улс төр бизнест ингэх их хутгалдаж байсныг мэдэхгүй юм. Тэд зах зээлийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байна. Ангела Меркел гэх ганц хүний шийдвэр дэлхийн зах зээлүүдэд ямар чухал болоо вэ” хэмээн гайхшлаа илэрхийлжээ. Хэдж санг мөнгө өсгөхийг зорьдог бөгөөд Беконий үзэж байгаагаар улс төр нь зах зээлийн тодорхойгүй байдлыг нэмэгдүүлэх тул мөнгө хийх боломжийг хязгаарлах аж. Иймд зөв зохистой хөрөнгө оруулалт боломжгүй зүйл болон хувирна. Хэдж сангууд хөрөнгийн захын бусад чухал тоглогчдод нөлөө үзүүлдгээрээ дэлхийн хөрөнгийн хувиарлалтанд үлэмж үүрэг гүйцэтгэх ба тэдний үйл хөдлөл нь капиталын хүрэлцээнд шууд нөлөөлж байдаг. Иймээс бусад нь Moore Capital-ыг дагавал Европод шаардлагатай мөнгийг босгоход тун хүндрэлтэй болно гэсэн үг. Ийм шийдвэр гаргах шалтгаанаа хэрхэн үндэслэж байгаа нь миний сонирхлыг татаж байгаа юм. Беконий үзэж байгаагаар улс төрийн шийдвэрүүдийг таамаглах боломжгүй, аль эсвэл эдийн засгийн шийдвэрүүдтэй харьцуулахад таамаглах боломж муу аж. Хөрөнгө оруулагчид Германы Канцлер Меркелийг зах зээлийн бус хүчинд захирагдаж буйг олж харахыг төдийлөн хүсэхгүй байна. Харин минийхээр бол улс төрийн шийдвэрүүдийг таамаглах боломжтой төдийгүй Меркелийн шийдвэрүүд нь хувь хүний гэхээсээ илүү нөхцөл байдалдаа захирагдсан гэж хэлнэ. Хэрвээ тэрхүү нөхцөл байдлыг ойлгож эхэлбэл улс төрийн үйл хөдлөлийг ойлгох боломж бүрдэнэ. Эдийн засгийн, аль эсвэл улс төрийн үйл хөдлөлийг таамаглана гэдэг нарийн шинжлэх ухаан биш ч боломжгүй зүйл гэж байхгүй юм….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж