Хүүхэлдэйн ертөнцөөр аялаарай

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Хүүхэлдэйн ертөнцөөр аялаарай

Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд өчигдөр нэгэн өвөрмөц үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэ бол хүүхэлдэйн баяр юм. Үзэсгэлэнгийн танхимд өнгө алагласан үндэсний хувцсаар гоёсон модон, шаазан хүүхэлдэйнүүд, цамын маскуудыг дэлгэн харуулжээ. Хүн бүхэн тэр хүүхэлдэйнүүдийг Монголын брэнд хэмээн ойлгодог хирнээ түүнийг урлан амилуулсан эрхмийг сайн мэддэггүй юм. Тэрхүү уран гартан бол Монголын хүүхэлдэйн зураачдын холбооны тэргүүн, зураач, хүүхэлдэйн урлагийн хатан хаан хэмээн өргөмжлөгддөг Д.Доржхорол юм. Тэрбээр 1980 онд мэргэжлийн хүүхэлдэй урлаач болсон цагаасаа хойш өдгөө 30 жил тасралтгүй энэ чиглэлээр уран бүтээлээ туурвиж яваа чадварлаг уран бүтээлч хэдий ч анх удаа бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байгаад гайхах хүн олон байлаа. Энэ л хүүхэлдэйнүүдээ дэлхийд нэртэй монголын гэсэн брэндийг бий болгохын төлөө өдий хүртэл зүтгэсэн хүүхэлдэй урлаач, зураач Д.Доржхоролын бүтээл таны албан тасалгаа, өргөө гэрийг тань чимсээр ирсэн төдийгүй гадны зочинд тань монголоос гээд үлдэх бэлэг, дурсгал болсоор ирсэн юм. Түүний гараар 70 мянга хол давсан хүүхэлдэй амь орон мэндэлсэн. Мөн цамын томоохон хэмжээний маск, монголын алдартнуудын баримал гээд дүрслэх урлагийн хүндхэн төрлүүдийг өөртөө агуулсан энэ л урлагаар өнөөдрийг хүртэл тууштай ажиллаж, хөгжүүлж яваа эрхэмсэг хатагтай юм.

Хүүхэлдэйн урлаг бол зурах, барих, сийлэх, оёх, наах гээд дүрслэх урлагийн бүхийл төрлийн ур чадвар, сэтгэлгээ, мэдрэмжийг шаарддаг төрөл бөгөөд тайз, дэлгэцийн урлагтай холбож өгдөг гүүр нь болдог амаргүй төрлүүдийн нэг юм.

Түүний үзэсгэлэнд Халх, Дөрвөд, Барга, Казак, Хотон, Үзэмчин эмэгтэй үндэсний хувцастайгаа ёслон байсан юм. Мөн Их эзэн Чингис хаан, Монголын хаадын түүхэнд нэрээ мөнхөлсөн  Батмөнх даян хаан Мандухай цэцэн хатныхаа хамт, үндэсний дуурь, балетад мөнхөрсөн Юндэн, Нансалмаа хүртэл байлаа. Үзэсгэлэнгийн танхимын хананд ариун цагаан арван буяныг дэлгэрүүлэх үүднээс урин залж, хүндэтгэл үзүүлдэг Дамдинцойжоо бурханы баг, 1911 онд Богд хааны зарлигаар цэргийн яамны шүтээн бурхан болгосон Улаан сахиус Жамсран, хүмүүст эд хөрөнгө, баялаг авчрагч Намсрай бурхны баг гээд цамын багууд, том жижг хэмжээтэй шахмал баримлууд олны нүдийг хужирлаж байлаа. Гайхамшигтай гэж хэлэхэд дэндүү багадмаар түүний бүтээлийг хэдэн ч цагаар сонирхон үзсэн уйдахааргүй.

Д.Доржхоролоор овоглодог хүүхэлдэйнүүд эдүгээ дэлхийн 10 гаруй улс орны төрийн тэргүүнүүдийн цуглуулга, дэлхий даяарх Монгол улсын  60 Элчин сайдын яамдын өргөө, бас Монголын мянга мянган өрх гэрийн хойморт залаастай  байгаа билээ. Түүний анхны үзэсгэлэнд тухлан саатаж, Монгол хүүхэлдэйн ертөнцөөр аялаарай.

Г.ДАША




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж