10 настай хүүхэд хөнөөсөн Ш.Алтанхуягийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

10 настай хүүхэд хөнөөсөн Ш.Алтанхуягийг шүүнэ

Өдрийн цагаар өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтож, гурван согтуу эмэгтэйг машиндаа суулган дарвиж яваад 10-хан настай хүүгийн амийг хөнөөсөн Ш.Алтанхуяг гэгч Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа.

Тэрбээр “Хишигтэн нүүдэлчин” компанийн гүйцэтгэх захирал бөгөөд өмнө нь 13 жилийн хорих ял эдэлж байсан нь илчлэгдээд байгаа юм. Ш.Алтанхуягийн хэрэг шийдвэрлэх шатандаа орсон эсэхийг албаны хүнээс тодруулахад, “Хэргийг Замын цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалгаж дууссан. Түүнийг замын хөдөлгөөний ямар ямар заалт зөрчсөнийг мөрдөн шалгаж дуусаад Тээврийн прокурорын газарт шилжүүлээд байгаа. Одоо тээврийн прокурорын газар бидний дүгнэлтийг нягталж үзээд шүүхэд шилжүүлнэ. Үүний дараа түүний гэм бурууг шүүх болно” гэх хариултыг өглөө.

Хэргийг сануулахад, Ш.Алтанхуяг нь нийслэлийн Баянгол дүүргийн VI хороо, 25 дугаар эмийн сангийн урд замд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гарцаар зам хөндлөн гарч явсан 10 настай хүүг дайрч, амь насыг нь хөнөөсөн юм. УНИ 09-66 улсын дугаартай “Toyota Land Cruiser” маркийн автомашин хөлөглөж явсан тэр хүүхдийг дайраад, 15 метр орчим зайд чирсэн нь Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерт бичигдэж үлдсэн байдаг. Ш.Алтанхуяг нь “Мон дулаан трейд” компанийн охин компани болох “Хишигтэн нүүдэлчин” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Осол гаргах үедээ 70 хувийн согтолттой, өөрийгөө хянах чадвараа алдсан байсан нь тогтоогдсон. Мөн ослын дараа машинаас согтуу хүүхэн бууж ирэн хүүхдийг “босооч” гэж өшиглөсөн нь иргэдийн дургүйцлийг ихэд хүргэсэн. Тэр бүсгүйд захиргааны хариуцлага тооцох эсэхийг лавлахад, “Түүнд ямар нэгэн захиргааны хариуцлага тооцох боломжгүй. Манайд тийм эрх зүйн акт байхгүй” гэв.

Түүний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол Эрүүгийн хуулийн  215.3-т зааснаар хэргийн улмаас бусдын амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 3-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох хуультай юм байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж