Бирж байгуулагдсанаар үнийг тогтворжуулна

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Бирж байгуулагдсанаар үнийг тогтворжуулна

Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай хууль энэ оны зургадугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн. Шинэхэн хуулийн хэрэгжилт хэрхэн явж байгааг сонирхохоор Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Мөнбаттай уулзлаа.

-Хөдөө аж ахуйн биржийн тухай хуулийн хэрэгжилт ямар шатандаа явж байна вэ?

-Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай хууль энэ оны зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байна. Өнгөрсөн хугацаанд голдуу бэлтгэл ажил хийлээ. Тухайлбал, өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн ХХААХҮЯ-ны дэргэд Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн төслийн нэгж байгуулагдаж ажиллалаа. Энэ оны тавдугаар сарын 31 хүртэл ажиллаад, хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төслийн нэгжийг биржийн зохицуулах зөвлөлийн ажлын алба болгох Засгийн газрын тогтоол гарсан. Тиймээс Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн ажлын албыг байгуулан ажиллаж байна. Зохицуулах зөвлөл нь хуулийнхаа дагуу 13 гишүүнтэй, түүний зургаа нь төрийн, долоо нь төрийн бус байгууллагын төлөөлөл байгаа. Үндсэндээ биржийн харилцаанд бүх оролцогчдын төлөөлөл оролцож байгаа гэж ойлгож болно. Төслийн нэгж нь өнгөрсөн хугацаанд бэлтгэл ажлыг хариуцан ажиллаж байсан. Тухайлбал, сургалт, судалгааны ажлыг өргөн цар хүрээнд хийлээ. Мөн эрхзүйн орчин бүрдүүлэх, биржийн тухай хуулийг сурталчлах, арилжаанд оролцогч талуудыг мэдээллээр хангах ажлыг хийсэн.

-Биржийн арилжаа хэвийн явахад эрхзүйн орчин бүрдсэн байх шаардлагатай. Тиймээс эрхзүйн орчин бүрдүүлэх тал дээр бодит ямар ажил хийж байна вэ?

-Хоёр хуульд шинэчилсэн найруулга хийгдсэн. Мөн гурван хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал оруулсан. Түүнчлэн 15 дүрэм журмын төсөл боловсруулж, үүнээс дөрөв нь одоо батлагдаад хэрэгжиж эхлээд байна. Мөн биржийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан.

-Хууль хэрэгжиж эхлээд бараг гурван сар болох гэж байна. Энэ хугацаанд биржид ажиллах боловсон хүчин бэлтгэх тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ?

-МУИС-ийн Худалдааны сургууль, ХААИС-ийн бараа, түүхий эд таваар судлалын ангиудад биржийн менежмент, худалдааны чиглэлээр хичээлийн хөтөлбөр боловсруулж, БСШУЯ-аар батлуулсан. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эл хичээлийг 500 гаруй оюутан суралцсан тоо байна. Өнгөрсөн хичээлийн жилд тухайн мэргэжлээр төгсөгчдөд хөдөө аж ахуйн биржийн арилжааны болон бараа түүхий эдийн талаар тодорхой мэдээлэл өгсөн. Тиймээс энэ чиглэлийн мэдлэгтэй бакалаврын зэрэгтэй боловсон хүчнүүдтэй болсон гэж ойлгож болно. Мөн орон нутагт ч сургалт семинар зохион байгуулсан. Нийслэл болон 21 аймагт нийт 80 гаруй сургалт зохион байгуулж, 14 мянган хүнийг хамруулсан. Эдгээр сургалт нь богино хэмжээний сургалт байсан учир тухайн орон нутагт нь сургагч багш нарыг бэлтгэж, хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн талаар үнэн зөв мэдээллийг хүргүүлэхээр ажиллаж байгаа.

-Манайд хөдөө аж ахуйн биржийн арилжаа явуулах нөхцөл боломж бүрэн бүрдсэн гэж ойлгож болох нь ээ?

-Төслийн нэгж байгуулагдсанаасаа хойш хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн арилжаанд оролцох сонирхолтой агуулах, тээвэр, лабораторийн үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, компани, аж ахуйн нэгжүүдийг бүртгэж байна. Биржийн чиглэлээр гадаад, дотоод бэлтгэгдсэн, бидэнтэй хамтран ажиллах боловсон хүчнийг судалж байна. Мөн зарим бараа түүхий эд агуулалт, тээвэрлэлтийн стандартыг хангаж чаддаг эсэхийг судалсан. Судалгааны явцад биржийн арилжааг зохион байгуулахад орон нутгийн дэд бүтэц боломжийн түвшинд байна уу гэдгийг судалж үзсэн. Тухайлбал, сум бүрт банк сан­хүүгийн байгууллага байна уу, үүрэн телефоны сүлжээ байна уу гэдгийг судлахад биржийн арилжаа явуулах боломжтой гэсэн үзүүлэлт гарсан. Мөн улсын хэмжээнд 385 мянган ам метр талбай бүхий агуулах үйл ажиллагаа явуулж байна. Бүх сумд хөдөө аж ахуйн чиглэлийн хоршоод байгуулагдсан байна. Аймгуудад хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий брокерын компаниуд ажиллаж байна. Тиймээс манай улсад хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн бирж байгуулах боломжтой гэсэн дүгнэлт хийсэн.

-Арилжаанд ямар хүмүүс оролцох боломжтой вэ?

-Хуулиараа биржийн арилжаанд хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хоршоо буюу биржийн арилжааны зуучлагч компани оролцоно. Бидний нэрлэж заншсанааар брокерын компаниуд гэсэн үг.

-Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эд нэг дор төвлөрснөөр ямар давуу тал, өөрчлөлт гарах вэ?

-Бирж байгуулж, тэнд арилжаа явагдсанаар хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт, борлуулалтын бүхэл бүтэн тогтолцоо бий болох юм. Тухайн түүхий эдийг бэлтгэхээс авахуулаад ханган нийлүүлэх хүртэлх цогц зүйл байна. Үүнд тухайн бараа түүхий эдийн чанарыг хэрхэн хангах, чанар стандартыг хангах, хэрхэн хадгалах, зарж борлуулах, тээвэрлэх гээд бүх зүйлийг хамруулна. Ингэснээр үндэсний үйлдвэр болон иргэдийг түүхий эдээр хангах боломжтой болно. Бирж байгуулна гэдэг нь зүгээр нэг компани байгуулах биш, маш олон салбар, оролцогчдыг хамарсан асуудал юм. Тиймээс мэдээж тодорхой цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдана.

-Бирж байгуулагдсанаар хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ тогтворжих боломжтой юу. Тухайлбал махны үнэ?

-Үнийн асуудал хэн бүхэнд сонин байгаа байх. Гэхдээ хөдөө аж ахуйн бирж байгуулна гэдэг нь ямар нэгэн үнийг доош нь дарах, эсвэл дээш нь хөөргөх хэрэгсэл биш. Бирж нь хуулиараа арилжаа зохион байгуулах үүрэг бүхий аж ахуйн нэгж. Хөдөө аж ахуйн биржийн хамгийн гол ач холбогдол нь бодит зах зээлийн эрэлт нийлүүлэлттэй зохицсон үнэ бүрддэг. Учир нь хамгийн олон оролцогч тухайн бирж дээр цуглаж, бүтээгдэхүүний зарах, худалдан авах үнэ тэнд огтолцож байж дундаж үнэ гарна. Тэр үнэ зах зээлд тогтож, нийтэд нээлттэй зарлагддаг байна гэсэн үг. Тэгэхээр аль ч аймгийн хүн хэвлэл мэдээллээр эсвэл үүрэн телефоны сүлжээгээр үнэ ханшийн мэдээлэл авах боломжтой болох юм. Тиймээс малчид, тариаланчид өөрийн бэлтгэсэн түүхий эдээ бирж дээр ямар үнээр зарагдаж байгааг мэдэх боломжтой болно. Одоогийн нөхцөлд энэ мэдээлэл бүрхэг байгаа шүү дээ. Бүх зүйл ил тод биш учраас үнийн хөөрөгдөл бий болж байгаа. Тиймээс бирж байгуулагдсанаар бодит үнэ тогтож, тухайн ханш тогтворжино гэж ойлгож болно.

-Үнэ ханш ил тод болохоор ченж гэх хүмүүс үгүй болно гэж ойлгож болох уу?

-Зарим хүмүүс ченжүүд байх ёсгүй гэх мэтээр янз бүрээр ярьдаг. Бидний ченж гэж нэрлэдэг тэр хүмүүс тодорхой хугацаанд өөрийн үүргээ гүйцэтгэж, малчдыг орлоготой байлгаж, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр хангаж байсан шүү дээ. Тиймээс энэ хүмүүсийг ор мөргүй үгүйсгэж болохгүй байх. Хамгийн гол нь энэ хүмүүсийг илүү шударга худалдааны хэлбэр шилжүүлэх шаардлагатай байна. Бирж байгуулагдахаар ченжүүд брокерын компани байгуулан биржийн арилжаанд оролцож болно. Жишээлбэл, тухайн малчны махыг хэдэн төгрөгөөр зарсныг малчин мэдэж байгаа учраас дундын гэрээг үндэслэн гурван хувь ч юм уу, тодорхой хувийг брокерын компани авч болно.

М.УЯНГА

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж