A-Cool “Зөөлөн хайр”-ыг мэдрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

A-Cool “Зөөлөн хайр”-ыг мэдрүүлнэ

Дуучин A-Cool ирэх сард “UB Palace”-д анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. “Зөөлөн хайр” нэртэй түүний тоглолтод тун удахгүй хэвлэлтээс ирэх  “Зөөлөн хайр“, “Аниргүй итгэл”, ”Энхрий” зэрэг уран бүтээлүүд нь багтсан анхны цомгийн дуунууд болон түүний урын сан дахь хитүүд эгшиглэх гэнэ. Түүнтэй анхны тоглолт болон цомгийнх нь талаар ярилцлаа.

-Бие даасан анхны тоглолтынхоо товыг зарлажээ. Тоглолтынхоо сонин хачнаас дуулгахгүй юу?

-Тоглолт гэдэг бол уран бүтээлч хүний хувьд хамгийн эрхэм зүйл нь байдаг. Ялангуяа уран бүтээлээ хийгээд, ард түмэндээ хүргэн тайлагнаж буй анхны тоглолт гэдэг утгаараа маш их ач холбогдол өгч байгаа. Энэ тоглолт маань ирэх есдүгээр сарын эхээр байсан ч бага зэрэг хойшлон есдүгээр сарын дундуур болгосон. Хэдийгээр энэ намар олон уран бүтээлч тоглолтоо хийхээр товоо гаргаад байгаа ч миний тоглолт бол A-Cool гэж дуучны шинэ өнгө төрхийг харуулсан юу хийх гэж зорьсон, ямар учраас дуу дуулаад яваад байгаа юм бэ гэдэг цаад гүн гүнзгий санааг тоглолтоос минь илүү харах бол уу гэж бодож байна. Тоглолтын бэлтгэл ажилдаа орчихсон. “UB Palace”-д хийнэ. Тоглолтод маань нэг гэнтийн бэлэг байгаа. Одоогоор үүнийгээ задламааргүй байна. Өмнө нь ямар ч тоглолт дээр хийж байггаагүй тийм зүйлийг зөвхөн миний тоглолт дээр ирсэн үзэгчдэд зориулан дэлгэнэ.

-Рок, попд ороод удаж байгаа шүү дээ. Анхын тоглолт, цомог  арай хожуу мэндлэв үү дээ?

-Би тоглолтоо ирэх сард хийнэ гэж бодоогүй. Он гаргаад хийе гэсэн төлөвлөгөөтэй байсан. Олон хүн тоглолтоо хийгээч ээ гэж санал болгосон учраас ийнхүү хийхээр болсон. Надад Европын оронд болон АНУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудаас ирж, тоглолтоо хийгээч ээ гэсэн хүсэлт ирдэг учраас энэ тоглолтынхоо дараа аялан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа. Тэр олон хүмүүсийн итгэл, найдвар дээр тулгуурлан сайхан уран бүтээл хийх ёстой. Түүнээс биш надад одоо нэг хэдэн дуу гаргаад нүдсээр байгаад хит болгоод тоглолт хийж, хэдэн төгрөг олъё гэсэн бодол алга. Би хувьдаа энэ тоглолтод маш их хүч, хөдөлмөр зарж байгаа. Тайз, дикраци, тоглолтын баг гээд би өөрийн гэсэн орон зай, A-Cool гэдэг дуучин ийм тоглолт хийнэ гэдгээ харуулахын тулд хүчтэй том тоглолтыг тавихаар зорьж байна.

-Тоглолтын бэлтгэл ямар явагдаж байна?

-Бид ерөнхийдөө зохиол гаргасан. Миний тоглолт зохиолтой, драмчилсан ер нь бол мюзикл талдаа болно. Би голдуу хайрын тухай дуу дуулдаг гэдэг утгараа зүгээр нь дуунуудаа ар араас нь гараад дуулах биш  амьд хөгжим, симфони оркестр дээрээс нь олон уран бүтээлчидтэй буюу надтай хамтарч дуулсан дуучид, Үндэсний дуу, бүжгийн чуулгын бүжигчид, циркийн жүжигчид гээд олон зүйлсийг багтаасан өвөрмөц тоглолт болно. Ирээд үзвэл илүү сонирхолтой, амттай байх бол уу. Анхны тоглолтод маань цэвэр миний өөрийн уран бүтээлүүд эгшиглэнэ.

-Шинэ уран бүтээлүүдээ хэзээ сонсогчдод хүрэх бол?

-Тоглолтын өмнө “Зөөлөн хайр” нэртэй миний анхны цомог гарна. Анхны цомогтоо урын сан дахь маш олон дуунуусаа сонголт хийж, хамгийн сайн гэсэн хит дуунуудаасаа гадна шинэлэг уур амьсгалтай шинэ дуунуудаа оруулсан байгаа.

-“Зөөлөн хайр” цомог хэчнээн дуутай вэ?

-11 дуутай. Хэдийгээр 14 дуутай хийхээр төлөвлөөд байсөн ч 11 дуу бол хангалттай юм байна лээ. Анхны цомгоо Германд хэвлүүлэхээр болсон. Хамтарч ажиллаж байгаа байгууллага, найз нөхөд маань анхны цомгоо чанартай сайн байлгах үүднээс цомгийн хэвлэлт, хөгжмийн тоног төхөөрөмж, хөгжмийн хэвлэлтийн томоохон компанитай учраас Германд хэвлүүлэхийг зөвлөсөн. Тэнд суралцаж байгаа найз маань тэр хүмүүстэй холбож өгөн тийшээ өндөр зардалтайгаар хэвлэлтэд явуулж байгаа. Мэдээж уран бүтээлч хүний анхны цомог бол нэрийн хуудас нь болдог гэдэг утгаараа сайн, чанартай цомог гаргахын төлөө ажиллаж байна.

-Цомгийнхоо бичлэгээ хаана хийлгэв? Ямар уран бүтээлчидтэй хамтран ажилласан бэ?

-Анхны цомог учраас олон байгууллагатай хамтран ажилласан. Цомгийнхоо 50 хувийг н.Хатанзориг захиралтай “M audio” продакшнд хийлгэсэн. Үлдсэн дуунууд маань “New Star”, “Pro sounds”, “Hot spot” хамталгийн дуучин Наркагын студид бичүүлсэн. Цомгийн миксинг дээр “New Star” студийн хөгжмийн зохиолч, продюсер С.Гантөр ах, “Pro sounds”-ын Очироо,  “M audio” студийн Гэрэлт-Од гээд авьяаслаг уран бүтээлч нар ажилласан.

-“Зөөлөн хайр”-ыг тун удахгүй үзэгчид мэдрэх нь ээ. Шинэ клипээ дэлгэх гэж байгаа гэж дуулсан?

-“Цэцэгчний хүслэн” гээд 80-аад оны хит дууг дахин дуулж, амьдруулсан.Тэр дууны клипэнд тухайн уран бүтээлтэй холбоотой олон хүмүүс оролцсон. Мөн “Чиний тухай” дууны клипээ удахгүй цацна гээд олон төлөвлөсөн ажлууд байгаа.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж