Тэжээвэр хүмүүсээр хөдөлмөр эрхлүүлье

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Тэжээвэр хүмүүсээр хөдөлмөр эрхлүүлье

Шинэ Засгийн газрын шинэхэн яаманд
оруулах санал байна. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав та анхаарлаа хандуулна
уу. Чухам ямар санал вэ гэдгийг тайлбарлахын өмнө оршил хэлье.

Эрэгтэй, эмэгтэйгүй ажил хийдэггүй, аав ээж, ах дүү, бүр эмээ өвөөгөөрөө
тэжээлгэдэг, тэгсэн хэрнээ тэрүүхэндээ пээдгэр, “Сайн ах дүүгийн буянд
жаргаж явна” гэх гэдэс цатгалан, мөр бүтэн монголчууд олон. Ийм хүмүүсээ
алба юм шиг хооллож ундлан, гэр орон хүртэл бэлтгэж өгөөд чирээд явдаг
хэд нь хувь заяатайгаа бүр эвлэрчихсэн байхыг яана. Үүнийг нүүдэлчин
сэтгэлгээнээс үүдэлтэй монгол араншин гэж үзье. Ах дүүсийн хувьд болж
бүтээд явж байгаа бол яах вэ. Гэтэл тэр даварсан тэжээврүүд дунд
мөрөөрөө байхгүй элдэв хэрэг тарьж ачтаныхаа тусыг усаар хариулахын
зэрэгцээ бусдыг, нийгмийг хохироосоор байгаа гэмт хэрэгтэн хэдэн
мянгаараа төрөн гарсаар.

Тоо баримт харъя. Цагдаагийн ерөнхий газраас гаргасан 2012 оны эхний
хагас жилийн гэмт хэргийн нөхцөл байдлын дүн мэдээгээр энэ хугацаанд
Монгол Улсын хэмжээнд нийт 10171 хүн гэмт хэрэгт холбогдсон нь өмнөх
оныхоос 9,7 хувир өсчээ. Тэдний дунд 13,5 хувь нь эмэгтэй, 6,8 хувь нь
хүүхэд байх аж. Мөн гэмт хэрэгт холбогдогсдын 62,8 хувь нь 18-34 насны
хүмүүс байна. Нийт 80 байгууллага, 10744 хүн гэмт хэргийн халдлагад
өртсөнөөс 503 хүн нас барж, 4260 хүн гэмтэж, улс болон хувийн хэвшлийн
аж ахуйн нэгж байгууллагад 23,5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Түүнээс ердөө тал буюу 50,1 хувийг нь гэмт этгээдүүдээр нөхөн төлүүлсэн
байна. Гэмт хэрэгт холбогдсон 18 хүний 10 нь тодорхой эрхэлсэн ажилгүй.
Өнөөх тэжээврүүд гэсэн үг. 20 хүн тутмын нэг нь өмнө нь ял шийтгэл эдэлж
байсан хүн. Бас л тэжээвэр. Тэжээлгэнэ, дээрээс нь архи ууна. Гэмт
хэрэг хэд хэдэн төрөл зүйлээр өссөн байна. Тодруулбал, биеэ үнэлэхэд
бусдыг татан оролцуулах, ийм ажил зохион байгуулах гэмт хэрэг 50, бусдын
эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх хэрэг 27,6, бусдын эд хөрөнгийг залилан
мэхэлж авах нь 27,6, бусдын эд хөрөнгийг хулгайлах нь 16.2, бусдын эд
хөрөнгийг булаах 15,2, хүнийг санаатай алах гэмт хэрэг 11,8, бусдын бие
махбодид гэмтэл учруулах хэрэг 8,9 хувиар өсчээ. Гэмт хэрэг хаана голдуу
үйлдэгдсэнийг судалж үзэхэд гэр, орон сууцанд гарсан гэсэн үзүүлэлт
30,9 хувьтай байна.

Гурван сая хүрэхгүй хүн амтай манай улсад хагас жилд 503 хүнээ гэмт
хэргийн улмаас алдана гэдэг дэндүү хайран. Бас энэ хугацаанд дөрвөн
мянга гаруй хүн ямар нэг байдлаар гэмтэж бэртэнэ гэдэг ч асуудал.
Тэднээс хэд нь хөдөлмөрийн чадваргүй болж, групп, тэтгэмж авагсдын
эгнээнд шилжиж байгаа гэх вэ. Ердөө хагас жилд ийм үзүүлэлттэй байна
гэхээр гурав, таван жилээр аваад үзэхэд ямар тоо гарах вэ. Монгол Улс
бүхэлдээ тахир дутуу, гэмтэл бэртэлтэй хүмүүсийн орон болох уу гэх зэрэг
олон асуулт гарч ирж байгаа юм. Тэгэхээр тэжээвэр гэмт хэрэгтнүүд гэж
архидан согтуурч гэр орондоо агсам согтуу тавьдаг, гэр бүлийн
хүчирхийлэл үйлдэгсэд, тэнсэн харгалзах ялтай хүмүүс, шоронгоос
суллагдаад удаан хугацанд ажил эрхлэхгүй байгаа, гэмт хэрэг хийх сэжиг
бүхий хүмүүсийг нэрлэж болно.

Энэ төрлийн тэжээвэр хүмүүсээс болж айдас хүйдэс тасрахгүй, уур уцаар ч
мундахгүй. Нийгмийн стрессийн нэлээд хувь нь ийм этгээдүүдээс эхтэй.
Хулгайчид цүнхээ зүсүүлчих вий, харанхуй орцонд дээрэмдүүлбэл яана,
дэлгүүрт халаасаа суйлуулбал баларна, орон гэрт минь хулгай орчих вий,
балмад этгээдийн хүйтэн мэсэнд өртчих вий, архиндаа шатсан “араатантай”
таарчих вий гэхээс охид эмэгтэйчүүд, хөгшид настайчууд үргэлж айж явдаг.
Янз бүрийн насны эрэгтэйчүүд ч өртсөөр байдаг. Хүмүүс гэмт
хэрэгтнүүдээс ангид байхсан гэж бодохын сацуу, тийм хүмүүс засраасай,
амьдралын зөв замд ороосой гэж ч боддог. Санаа тавьдаг нь ч олон. Даанч
хүн хүч, хөрөнгө, эрх мэдэл дутаад дорвитой ажиллаж чаддаггүй. Гэхдээ л
буруу замаар будаа тээгсдийг архинаас гаргаж, амьдралын зөв замд
оруулсан “Эрүүл идэвхтэй амьдрал” клуб зэрэг байгууллага байна.

Нийгмийг эдгээр хүмүүсийн дарамтаас ангид байлгах үндэс нь тэднийг
өөрсдийг нь орлоготой, бухимдал багатай байлгах арга юм. Нэгэнт ах
дүүсээрээ тэжээлгэх ухамсар суусан тэднийг нэгдсэн журмаар зохион
байгуулалтад оруу­лахаас нааш хөдөлмөрийн талбар руу яаж ч урьсан
очихгүй. Энэ нь алхам тутамд батлагддаг. Цайны газар зөөгч, малчин айлд
туслах малчин, барилгын талбарт туслах ажилчин хийж байсан хүмүүс нэг
мэдэхэд л ажлаа хаяад явчихсан өнөөх ах дүүгийндээ, аав ээж, эмээ
өвөөгийндөө оччихсон хэвтэж байх. Ийм дадал зуршил амьдралынх нь хэвшил
болсон. Тиймээс сайд таны ахлах Хөдөлмөрийн яам л ажил үүргийн хувиар
тэднээр хөдөлмөр эрхлүүлэх ажлыг амжилтад хүртэл хийх магадлалтай.
Тэжээвэр гэмт хэрэгтнүүдээр нийгэмд балаг тариулж байхын оронд хөдөлмөр
эрхлүүлэн зохих хөлс олгон өөрсдөд нь ч, нийгэмд ч хүч хөлсийг нь
зориулж байя. Зохион байгуулалтад оруулж, хөдөлмөр эрхлүүлэх гэдэг нь
ийм хүмүүсийг бүртгэлийн үндсэн дээр цуглуулан хагас цэрэгжсэн байдлаар
хөдөлмөрлүүлэх түр лагерьт хамруулахыг хэлж байгаа юм. Зам засвар,
барилга, төмөр зам тавих, хог хаягдал боловсруулж хэрэгцээт элдэв
бүтээгдэхүүн хийх, мод тарих, нөхөн сэргээлт хийлгэх, цөлжилттэй тэмцэх,
цэцэрлэгжүүлэх гээд ажил мундахгүй. Тэр олон хүнийг харж хянаж байх хүн
хүч хаа байна гэж үү. Ийм тэжээврүүдийн дундаас нь хянагч, цагдагч
бэлтгэж ажиллуулан хөлс олгож болно. Хүсэл байвал яаж ч зохион байгуулж
болно. Тал тал тийш нь, хаана ажлын фронт байна, тэнд олноор нь
байршуулан ажиллуулах хэрэгтэй. Албадан хөдөлмөр гэдэг ангилалд
оруулалгүй хууль, журманд тааруулаад эвтэйхэн хийж болно. Шаардлагатай
бол хуульд өөрчлөлт оруулж ч болно шүү дээ. Гагцхүү хөдөлмөрийн хөлсийг
сар бүр биш, тодорхой төсөл дуусахад бөөнөөр олговол үр дүнтэй. Бөөн
мөнгөөр жижиг бизнес эрхэлж, хадгалж, өөр аргаар ч хөдөлгөж өсгөж болно.

Тэжээврүүд хөдөлмөр хийж гэр бүл, эцэг эх, ах дүүдээ нэмэр болж
шальдаггүй юм гэхэд өөрийнхөө хар амийг аваад явчихдаг, бусдад гай
болохгүйгээр амьдардаг болбол энэ нийгмийн стресс бага ч болов багасна.
Гэр бүлүүдийн ачаалал багасч өнөөх тэжээгчдийн сэтгэл санаа сэргэж,
орлого нь хасагдахгүй арвижиж, чинээлэг амьдралын замд орно. Тэжээврүүд
хөдөлмөрийн үрээр цалин орлоготой болох болохоор бусдаас мөнгө гуйхаа
байж, сэтгэл нь сэргэж, урам зориг орно. Хөдөлмөрлөж орлого олдог
хүмүүсийг хүндэлж, улмаар хайрлаж эхлэх болов уу. Сэтгэл санаа нь ч
тайвширна. Энэ санаачилга бол мэргэн санаа, сод ухаан огтоос биш. Гадаад
орнуудад хэрэгжүүлж ирсэн арга. АНУ-д л гэхэд “Маршалын төлөвлөгөө”
нэрээр тэртээх зуу гаруй жилийн өмнө хэрэглэж, олон зуун мянган ажилгүй
хүмүүсийг амьдралтай залгуулж байсан юм билээ. Уг төлөвлөгөөнд хамрагдаж
олсон хөдөлмөрийн хөлсөндөө тулгуурлаж бизнес амжилттай хийсээр
тэрбумтан болсон хүмүүсийн тухай ч түүх өгүүлдэг билээ.

Энэхүү, хөдөлмөр эрхлүүлж хөлс хүчийг нь тухайн хүнд өөрт нь ч, улсад ч
зориулах аргыг зөвхөн ажилгүй хүмүүсийн хувьд биш, шоронд хоригдож
байгаа хүмүүст ч хэрэглэж болно. Эдүгээ Монгол Улс 6000 гаруй хоригдол
тэжээдэг гэж байгаа. Улсын хөрөнгө их хэмжээгээр, захаас нь нэрлэхэд
“Хадгаламж” банкны маш их мөнгийг үрэн таран болгосон Чимэд хэн билээ,
түүнийг ч хүртэл улс хооллож, ундлаад л байж байгаа шүү дээ. Улсад
хохирол учруулна, дээрээс нь зүгээр тэжээлгэнэ. Төсвийн хөрөнгөө хаанаа ч
хүргэж чаддаггүй Монгол Улс ийм хоёр янзын тэжээвэр хүмүүсийн хөлс
хүчийг өөрсдөд нь болоод, улсад зориулах цаг болжээ. “Шинэчлэлийн
Засгийн газар” гэж өөрсдийнхөө зорилгыг тодорхойлсон Н.Алтан­хуягийн
танхимын гишүүн сайд Я.Санжмятав танд ийм нэгэн учир өгүүллээ.
Хэрэгжүүлэх аваас нийгэм тайвшрах билээ. 

Р.ЖАРГАЛ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж