Египет 4.8 тэрбум ам.долларын зээл хүсчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Египет 4.8 тэрбум ам.долларын зээл хүсчээ

Египет улс уналтанд ороод буй эдийн засгаа сэргээхийн тулд Олон Улсын Мөнгөний сангаас албан ёсоор 4.8 тэрбум ам.долларын зээл хүсчээ. Энэ тухай  өчигдөр Египетийн удирдлагууд Кайр хотноо Олон улсын Мөнгөний сангийн дарга Кристин Лагардтай уулзах үеэрээ хэлсэн байна.

Энэхүү уулзалтын дараа Египетийн Ерөнхий сайд Хешам Кандил “Кристин Лагард айлчлалынхаа үеэр бидэнд Египетийн эдийн засгийг тогтворжуулан, сэргээхэд туслах нааштай хариу өгсөн” гэж мэдэгджээ.

Хэдийгээр Кристин Лагард зээлийн мөнгөн дүн болон бусад асуудлыг шийдвэрлээгүй ч Египетийн Ерөнхий сайд Хешам Кандил “Олон Улсын Мөнгөний сангаас энэхүү зээлийг Египетэд таван үе шаттайгаар өгөх  бөгөөд ирэх 12 дугаар сараас хэтрүүлэхгүйгээр бүрэн өгч дуусна” гэж мэдэгдсэн байна.

Египетийн эдийн засаг дарангуйлагч агсан Хосни Мубаракийг суудлаас нь буулгах удаан хугацааны бослогын улмаас маш их суларсан бөгөөд энэ жил Египетийн төсвийн алдагдал 23.6 тэрбум ам доллар болжээ.

Үүний эсрэг Египетийн Засгийн газраас эдийн засгаа дэмжихийн тулд маш олон арга хэмжээ авч буй юм. Одоогоор Египетэд хөрөнгө оруулалт болон баталгаатай мөнгөн тусламж хамгийн их хэрэгтэй байгаа аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж